Путин энэ долоо хоногт БНХАУ-д айлчлахаар болсныг Кремлиэс мэдэгдлээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногт буюу тавдугаар сарын 19-20-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлахаар болсныг Кремлиэс мэдэгдлээ.
Путин болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ удаагийн айлчлалаар бүрэн хэмжээний түншлэл болон стратегийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхээр төлөвлөж байгаа гэв.
Түүнчлэн Путин эдийн засаг болон худалдааны хамтын ажиллагааны талаар БНХАУ-ын ерөнхий сайд Ли Цянтай хэлэлцэх төлөвтэй байна.
ТАСС агентлагийн мэдээлснээр энэхүү айлчлал нь 2001 онд байгуулсан “Сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойтой давхцаж байгаа аж.
Энэ нь Москва болон Бээжингийн харилцааны суурь болсон гол тохиролцооны нэг бөгөөд хоёр талын хамтын ажиллагааны чухал эрх зүйн баримт бичигт тооцогддог.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Бээжин дэх айлчлал өндөрлөсний дараа Путин БНХАУ-д айлчлахаар болж байгаа нь энэ юм.
Өнгөрсөн наймдугаар сард Путин Бээжинд айлчлахдаа БНХАУ-ыг "ОХУ-ын худалдааны хамгийн том түнш бөгөөд гүйлгээний дийлэнх нь Оросын рубль болон Хятадын юаниар хийгдэж буйг" онцолж байв.
Эх сурвалж: Aljazeera