Стандарт, хэмжил зүйн газар болон авлигатай тэмцэх газар хамтран ажиллана


Стандарт, хэмжил зүйн газар, Авлигатай тэмцэх газартай хамтран “Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилт, үр нөлөө” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү уулзалтын гол зорилго нь төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, түүнчлэн Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлын бодит үр дүнг үнэлж, цаашид анхаарах асуудлуудыг тодорхойлж, хамтран ажиллахад оршиж байв. Уулзалтын үеэр АТГ-ын төлөөллүүд Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд болон төрийн байгууллагуудад хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Мөн СХЗГ-ын нийт албан хаагчдад ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн хангах, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр арга зүйн зөвлөмж, мэдээлэл өгсөн юм. Стандарт, хэмжил зүйн газрын зүгээс хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр байгууллагын дотоодод авч хэрэгжүүлсэн онцлох ажлууд, ололт амжилт болон тулгарч буй зарим хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Түүнчлэн байгууллагын үйл ажиллагаанд авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх менежментийг сайжруулах (тухайлбал Авлигын эсрэг менежментийн тогтолцоо ISO 37001 стандартыг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх зэрэг), иргэн, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай, хүнд сурталгүй хүргэх тал дээр цаашид АТГ-тай илүү нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. Төрийн албаны хүнд суртлыг халах, авлигаас ангид байх нь зөвхөн нэг байгууллагын ажил биш бөгөөд салбар дундын хамтын ажиллагаа, албан хаагч бүрийн хичээл зүтгэлээс шууд хамаарахыг талууд энэ үеэр онцлон тэмдэглэв.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen