И.Батхүү: Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр" төслөөр орон нутагт хөрөнгө оруулалт хийгдэнэ

Төслийн удирдах хорооны дарга, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Увс, Ховд, Баян-Өлгий аймагт томилолтоор ажилласан багийн тайланг сонсож, шийдвэрлэх асуудлуудын талаар чиглэл өглөө. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, амьдрахад тухтай аймаг, сумын төвүүдийг хөгжүүлэх зорилготой нэгдүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд ТЭЗҮ-ийн баримт бичигт туссаны дагуу Увс аймгийн Улаангом хот, Өмнөговь сум, Ховд аймгийн Ховд хот, Баян-Өлгий аймгийн Өлгий хот, Дэлүүн суманд дэд бүтцийн хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэх юм. Томилолтын баг орон нутагт төслийн талбайнуудтай танилцаж, ТЭЗҮ-д багтсан ажлуудаас улс, орон нутгийн төсвөөр хийгдэж давхацсан хөрөнгө оруулалтыг тодруулах, орон нутгийн зүгээс тулгамдаж буй асуудлуудыг судлах, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шийдлүүдийг багтаасан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай мэдээллийг урьдчилан бэлтгэх ажлыг гүйцэтгэсэн байна. Эдгээрээс Увс аймгийн Улаангом хотыг жишээ болгон дурдвал ус хангамж, ариутгах татуурга, төвлөрсөн дулаан хангамж, цахилгаан, холбоо, авто зам, борооны ус зайлуулах, үерийн хамгаалалт, хатуу хог хаягдлын менежмент, гэр хорооллын дахин төлөвлөлт, агропарк зэрэг хөрөнгө оруулалт хийгдэнэ.