Кёльнд хүний тэсвэр тэвчээрийн дээд хязгаарыг туршиж байна
КЁЛЬН, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /DW/. Зургаан оролцогч гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдаж, гэр бүл, найз нөхөдтэйгөө холбоо барихгүйгээр, хатуу чанд дүрмийн дор, жижиг баг болон хязгаарлагдмал орчинд 100 хоногийг өнгөрүүлж байна.
Германы Агаарын тээвэр, сансар судлалын төвийн (DLR) судлаачид ийм нөхцөл нь оролцогчдын эрүүл мэнд, ажиллах чадвар болон биеийн байдалд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлохыг зорьж байгаа ажээ.
Үүнтэй зэрэгцэн өөр нэг судалгааг явуулж байгаа нь нийт 12 оролцогч 60 хоногийн турш орноосоо босохгүй байх ёстой хэвтээ дэглэмийн туршилт ажээ. Сансар дахь жингүйдлийн орчныг орлуулан дуурайлгахын тулд тэдний орны толгой хэсгийг 6 хэмийн налуутайгаар доошлуулжээ. Ингэснээр сансарт байх үеийнхтэй адил байдлаар биеийн шингэний дахин хуваарилагдаж, булчингийн масс багасаж, тэнцвэрийн мэдрэмж муудах аж.
Эдгээр бүх туршилт нь Сар болон Ангараг гараг руу хийх нислэгт бэлтгэх зорилготой юм. Сар луу хүрэхэд ойролцоогоор 3 хоног, харин Ангараг руу гаргуудын байрлалаас хамааран 6 сар орчим хугацаа шаардлагатай.
Судалгаанд оролцож буй хүмүүсийг "хуурай газрын сансрын нисэгчид" гэж нэрлэж байгаа бөгөөд судалгааны явцад цуглуулсан өгөгдлүүдэд үндэслэн жинхэнэ сансрын нисгэгчдийг илүү үр дүнтэй бэлтгэхээр төлөвлөж байгаа ажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг