"Сэлбэ дэд төв" хөгжил үү эсвэл хувийн ашиг сонирхол уу

НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулсан асуудал нь ганц хүний хариуцлагын хүрээнд яригдах сэдэв биш болж, Улаанбаатар хотын хөгжлийн нэр дор явагдаж буй ашиг сонирхлын зөрчил, тогтолцооны гажуудлын бодит жишээ болон ил гарч ирлээ. Асуудлын гол зангилаа нь “Сэлбэ дэд төв” төслийн хүрээнд бий болсон бөгөөд уг төслийн 7 багц ажлын нэг болох 994 айлын, 14 блок орон сууцны цогцолбор барих, 223.4 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерийг Б.Сэргэлэнбаатарын хувь эзэмшдэг “Професионалстрой” ХХК авсан явдал юм. Үүн дээр нэмээд компанийн эцсийн өмчлөгчөөр улс төрийн намын удирдах албан тушаалтан бүртгэлтэй байгаа нь олон нийтийн хардлагыг улам лавшруулж байна.
Хууль эрх зүйн хувьд НИТХ-ын төлөөлөгчийн хамаарал бүхий компани тендерт оролцохыг шууд хориглосон заалт байхгүй байж болох ч төрийн шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй хүн өөрийн болон холбоотой этгээдийн компаниар дамжуулан тухайн шийдвэрийн хүрээнд бий болсон төсөлд оролцож, ашиг хүртэх нь ёс зүйн хувьд ноцтой зөрчил юм. Энэ нь хуульд нарийвчлан хориглоогүй ч “болох ёсгүй” үйлдлийн тод жишээ болж байна.
Үүнээс гадна тендерийн бодит өрсөлдөөн, шалгаруулалтын ил тод байдал, шударга явагдсан эсэх зэрэг асуултууд өнөөдөр хариултгүй хэвээр байна. Албан тушаалын нөлөөлөл шууд бус хэлбэрээр ашиглагдсан эсэх нь ч тодорхойгүй, олон нийт эргэлзсээр байна. Ийм нөхцөл байдал үүсэх боломжийг “Нийтийн албаны тухай хууль” бүрэн хааж чадахгүй байгаа нь өнөөгийн “саарал бүс”-ийн гол шалтгаан болж байна.
Хэрэв хотын хөгжил нэрийн дор улс төрчид өөрсдөө төсөл, тендерийн “тоглогч” болж орж ирдэг тогтолцоо хэвээр үргэлжилбэл бодит хөгжил удааширч, шударга өрсөлдөөн алдагдаж, хамгийн чухал нь иргэдийн төрд итгэх итгэл үндсээрээ суларна. Илүү аюултай нь ийм жишиг хэвийн үзэгдэл мэт хүлээн зөвшөөрөгдөж эхэлдэг.
Иймээс ашиг сонирхлын зөрчлийг ил тод зарладаг, тендерийн процессыг хараат бусаар хянадаг, төрийн албан тушаалтнуудыг бизнесийн үйл ажиллагаанаас бодитоор тусгаарладаг тогтолцоог яаралтай бүрдүүлэх шаардлагатай байна. Энэ бол зөвхөн нэг төслийн асуудал биш, нэг хүний хэрэг ч биш харин шударга бус тогтолцоог бүхэлд нь өөрчлөх шаардлагын дохио юм.
Өнөөдөр НИТХ-д суухын төлөө улс төрчид яагаад ийм хүчтэй өрсөлдөж, зарим тохиолдолд улайран тэмцдэг вэ гэсэн асуулт ч эндээс урган гарч байна. Учир нь төлөөлөгчид давхар албан тушаал хашиж, төрийн болон нийтийн өмчит байгууллагуудын удирдлага, ТУЗ-д орж, төсөв төлөвлөгөөнд нөлөөлөх замаар асар их нөлөө, боломжийг төвлөрүүлдэг тогтолцоо бодитой оршсоор байна. Энэ нь эцэстээ нийтийн эрх ашгийг хувийн ашиг сонирхолд үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлж байна.
Хэрэв энэ байдлыг өөрчлөхгүй бол хот хөгжинө гэхээс илүүтэй иргэд ядуурч, харин төртэй ойр бүлэглэлүүд баяжсаар байх эрсдэл улам гүнзгийрнэ. Тиймээс хяналтын байгууллагууд бодит үр дүнтэй ажиллаж, авлигын шинжтэй хэргүүдийг замхруулалгүй, шүүх шударга шийдвэр гаргадаг тогтолцоог бэхжүүлэх нь нэн чухал байна. Энэ бол зөвхөн нэг хэргийн тухай биш Улаанбаатар хотын ирээдүй, төрд итгэх итгэлийн тухай асуудал юм.