Эпштэйн 2017 оны сонгуулиар Х.Баттулгыг дэмжиж, Монголд оффшор бүс нээхийг идэвхтэй ярилцаж байжээ

Жеффри Эдвард Эпштейн бол Америкийн нэгдсэн улсын санхүүгийн салбарт тодорхой хүрээнд нөлөө бүхий хүн байсан төдийгүй насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт ашигласан олон хэрэгт буруутгагдаж, дэлхий нийтийг цочроосон этгээд юм. Тэрбээр хоёр мянга найман  хөнгөн ял авч хоёр мянга арван есөн онд дахин баривчлагдаж, удалгүй шоронд нас барсан билээ.
Тэрээр хамтрагч Гилэйн Максвеллийн хамтаар охидыг “ажилд зуучилна” гэсэн нэрийн дор хуурч, баян чинээлэг, эрх мэдэлтнүүдтэй холбож өгдөг байсан тухай шүүхийн баримтуудад тусгагдсан байдаг. Түүний хувийн онгоц, Карибын тэнгис дэх арал нь баян, нөлөө бүхий зочдоор тасардаггүй байсан тухай гэрчийн мэдүүлэг, нислэгийн бүртгэлүүд олон нийтэд ил болж байв.
Эпштейн хоёр мянга арван есөн оны наймдугаар сард Нью-Йорк дахь шоронд хоригдож байхдаа нас барсан. Албан ёсны дүгнэлтээр амиа егүүтгэсэн гэж үзсэн ч шоронгийн хэд хэдэн камер ажиллагаагүй байсан, харгалзагчид үүргээ гүйцэтгээгүй, Холбооны мөрдөх товчооны нийтэлсэн бичлэгээс хоёр минут тавин гурван секунд дутуу байсан зэрэг нь олон нийтийн эргэлзээг улам гүнзгийрүүлсэн юм. Үүний улмаас Эпштейний хэрэг нь ганц гэмт этгээдийн асуудал бус, эрх мэдэл, мөнгө, нөлөөний далд сүлжээтэй холбоотой байж болзошгүй гэсэн хардлага өнөөдрийг хүртэл арилаагүй байна.
Америкын нэгдсэн улсын Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо Эпштейний хэрэгтэй холбоотой баримтуудыг олон нийтэд ил болгох асуудал олон жил улс төрийн маргаан дагуулсан. Эцэст нь хоёр мянга хорин таван онд Конгресс дахь Бүгд найрамдах намынхан файлуудыг бүрэн нээх шийдвэрийг дэмжүүлж, хоёр мянга хорин таван оны арваннэгдүгээр сарын арван найманд Конгрессийн тогтоолд Ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг зурсан юм.
Үүнээс хойш АНУ-ын Хууль зүйн яам дөрвөн удаагийн томоохон багц баримт олон нийтэд ил болгосон бөгөөд хамгийн сүүлд хоёр мянга хорин зургаан оны нэгдүгээр сарын гучинд нийтэлсэн материал нь гурван сая гаруй хуудас бүхий асар том архив байв. Уг баримтуудад Билл Гейтс, Стивен Хокинг, Илон Маск, Билл Клинтон, Доналд Трамп зэрэг дэлхийд нэр нөлөөтэй хүмүүсийн нэр дурдагдсан нь дахин шуугиан тарьсан.
Гэвч энэ удаад олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан хэсэг нь Монгол Улстай холбоотой баримтууд байлаа.
Өмнөх багц баримтуудад Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржийн нэр Эпштейний харилцагчдын жагсаалтад орсон талаар Монголын хэвлэлүүд цувралаар мэдээлж байсан. Тэдгээр баримтад түүнийг шууд гэмт хэрэгт холбосон нотолгоо байгаагүй ч Монголын Ерөнхийлөгч асан хүний нэр бэлгийн гэмт хэрэгт холбогдсон олон улсын этгээдийн архивт орсон нь өөрөө ноцтой улс төрийн асуудал болж, ил тод тайлбар шаардах үндэслэл болсон юм.
Хоёр мянга хорин зургаан оны нэгдүгээр сард нийтлэгдсэн сүүлийн багц баримтад Монгол Улстай холбоотой илүү дэлгэрэнгүй, тодорхой материалууд багтсан болохыг Америкын нэгдсэн улсын Хууль зүйн яам баталгаажуулсан. Энэ удаад Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга, түүний ойрын хүрээний хүмүүс, ялангуяа Чулуунхүүгийн Ганбат нэртэй этгээдийн Эпштейнтэй хийсэн олон жилийн цахим шуудангийн харилцаа ил болсон нь онцгой анхаарал татаж байна.
Файлуудаас үзэхэд Ганбат хоёр мянга арван таван оны аравдугаар сараас эхлэн Эпштейнтэй тогтмол имэйл солилцож, өөрийгөө “RVJ Capital” компанийн захирал хэмээн танилцуулан:
  • Биткойн, криптовалют,
  • Монгол Улсад дижитал валют нэвтрүүлэх санаачилга,
  • Оффшор бүсийн боломжууд
зэрэг асуудлыг хэлэлцэж байжээ.
Хамгийн ноцтой хэсэг нь хоёр мянга арван долоон оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ганбат Эпштейнд илгээсэн имэйлүүд юм. Тэрбээр санал хураалтын явц, ирц, нэр дэвшигчдийн саналын тоо, улстөрийн дотоод маргааны талаар нарийвчилсан, бодит цагийн мэдээлэл илгээж байжээ.
Тухайлбал, нэг имэйлд:
“Санал хураалт хорин хоёр цагт дуусна… Баттулга маш сайн оролцож байна… Монгол ардын нам санал хулгайлах гэж оролдож байна”
хэмээн бичсэн бол, дараагийн имэйлд нэр дэвшигчдийн саналын тоог хүртэл тодорхой дурдсан байдаг.
Сонгуулийн дараа илгээсэн имэйлд:
“Урьдчилсан дүнгээр Баттулга ялалт байгууллаа. Дэмжсэнд баярлалаа”
гэж бичихэд Эпштейн:
“Гайхалтай, та болон танай улсын өмнөөс баяртай байна”
хэмээн хариулсан нь түүнийг зөвхөн ажиглагч бус, тодорхой түвшинд оролцогч байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна.
Имэйлүүдэд Эпштейн “Монголын цахим валют” санаачлагыг дэвшүүлж, бүр “Чингис Койн” хэмээн нэрлэх боломжтой тухай дурдсан нь ил болсон. Тэрбээр цаашлаад өөрийн танил эмэгтэйг Монголын ус, эрчим хүчний салбарт албан тушаалд томилуулах санал гаргасан нь баримтаар үлджээ.
Ганбат нь Баттулгыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан. Түүнийг төмөр замын авлига, мөнгө угаах хэрэгт холбогдон Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан тухай мэдээлэл өмнө нь ч гарч байв.
Эпштейний файлуудад түүний нэр зуун ерэн дөрвөн удаа давтагдан гарсан нь харилцаа нь санамсаргүй бус, урт хугацааны, системтэй холбоо байсныг харуулж байна.
Ил болсон баримтуудаас харахад Эпштейний хэрэг нь зөвхөн бэлгийн гэмт хэрэг бус, дэлхийн улс төр, санхүү, нөлөөллийн далд сүлжээ байж болзошгүй дүр зураг тодорч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, төрийн бодлого, криптовалют, оффшор бүс, томилгоотой холбоотой мэдээлэл Эпштейний архивт үлдсэн нь Монголын дотоод хэрэг гадаадын маргаантай этгээдийн сонирхлын объект болж байсан эсэхийг шалгах зайлшгүй шаардлага үүсгээд байна.
Энэ удаа Монголын хууль, хяналтын байгууллагууд бодитой шалгалт хийх үү, эсвэл энэ хэрэг ч мөн “дэлхийн дуулиан Монголын чимээгүй байдал”-д дарагдах уу гэдэг асуулт нийгмийн өмнө бодитоор тавигдаж байна.

Б.Зул
www.BOLOD.mn

скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen