АНУ-ын 13 муж улсын эрчим хүчний системд онцгой байдал зарлажээ
ВАШИНГТОН, 2026 оны аравдугаар сарын 14 /Kazinform/.АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Райт тус улсын 13 муж улс болон нийслэлийн Колумбийн тойргийг хамарсан бүс нутагт цахилгаан эрчим хүчний хангамж тасалдах эрсдэлийг бууруулах зорилгоор онцгой арга хэмжээ авах тухай захирамж гаргажээ.
Эрчим хүчний яамны цахим хуудсанд мэдээлснээр, цахилгаан эрчим хүчний эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа, мөн эрчим хүчний блокуудын намрын төлөвлөгөөт засвар хийгдэж буй болон цахилгаан дамжуулах шугамуудад олон удаагийн саатал гарч буй нөхцөл байдлын улмаас яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж.
Уг захирамжийн дагуу эрчим хүчний сүлжээний оператор "PJM Interconnection" компани цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангахын тулд тодорхой эрчим хүчний блокуудыг шаардлагатай үед ажиллуулах үүрэг хүлээжээ. Түүнчлэн эрчим хүчний салбарт гуравдугаар түвшний онцгой нөхцөл байдал (EEA 3) зарлахаас өмнө болон ийм нөхцөл байдал үүссэн үед эцсийн арга хэмжээ болгон нөөц цахилгаан үйлдвэрлэх хүчин чадлыг ашиглах эрхийг тус компанид олгосон байна.
"PJM Interconnection" компани мөн захирамжийн шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд цахилгаан дамжуулах шугам эзэмшигчид болон түгээх компаниудад хандаж болох аж. Уг захирамж 2026 оны аравдугаар сарын 13-16-ны өдрийг хүртэл хүчинтэй хэрэгжинэ.
“Энэхүү захирамж нь шаардлагатай үед нөөц эх үүсвэрүүдийг оролцуулан цахилгаан үйлдвэрлэх нэмэлт хүчин чадлыг ашиглах боломж бүрдүүлснээр АНУ-ын Атлантын далайн эргийн төв хэсгийн бүс нутгийн сая сая өрх, аж ахуйн нэгжийг боломжийн үнэтэй, найдвартай, аюулгүй цахилгаан эрчим хүчээр хангахад тус дөхөм болно” гэж К.Райт мэдэгджээ. Түүний хэлснээр, эрчим хүчний хэрэглээг бууруулахад чиглэсэн өмнөх удирдлагуудын бодлогын улмаас ган гачигтай, салхигүй үед цахилгаан хангамж тасалдах эрсдэл нэмэгдэж, эрчим хүчний системийн найдвартай байдал суларсан байна.
К.Райт одоогийн засаг захиргаа цахилгаан эрчим хүчний хангамж тасалдахаас урьдчилан сэргийлэхийн тулд боломжтой бүх арга хэрэгслийг ашиглахаар зорьж байгааг онцолжээ.
Ташрамд сануулахад, 2026 оны наймдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эрчим хүчний нэгдсэн системд гадаадын тоног төхөөрөмж ашиглаж байгаатай холбоотой үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлийн улмаас онц байдал зарласан юм. Цагаан ордныхон ийм тоног төхөөрөмжийн сул талыг ашиглан кибер халдлага үйлдэх, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, цахилгаан эрчим хүчний хангамжийг тасалдуулах эрсдэлтэй гэж үзжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг