Балба: Их үерийн шарх аниагүй байхад дахин гамшиг нүүрлэв
Балбын төв хэсгийн Будхи Гандаки гол аравдугаар сарын 11-ний Ням гаригт үерлэсний улмаас байшин, гүүрүүд усанд автаж, усан цахилгаан станцын нэг хэсэг гэмтжээ. Цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгээс харвал, үерийн ширүүн урсгал бүхэл бүтэн барилгыг тэр чигээр нь урсган авч одох аж. Одоогоор хүний амь эрсэдсэн гэх албан мэдээлэл гараагүй байгаа ч тван хүн сураггүй байна. Мөн голын эрэг орчмоос 50 хүнийг аварчээ.
Ням гаригт балбачууд хамгийн том баяруудын нэг болох Дашайн баярын тэмдэглэхээр бэлтгэж байв. Хүмүүс ид бужигнаж байх үетэй үер давхцаж, олон хүн орон гэрээ орхин дүрвэхээс өөр аргагүй болжээ.
Албаныхны мэдээлснээр, зарим байршилд голын усны түвшин хэдхэн цагийн дотор хоёр метрээс 8.5 метр хүртэл огцом нэмэгдсэн байна.
Балбын Засгийн газрын цаг уурч Бинод Паражули "Манай ус судлалын хяналтын станцыг үер урсгачихсан. Тиймээс тэр цэгээс ямар ч мэдээлэл авч чадахгүй байна" гэжээ.
"Save the Children" олон улсын байгууллага үерийн гамшигт хариу арга хэмжээ авах онцгой багийг дайчлаад байна. Тус байгууллагын Балба дахь захирал Тара Четтри "Хүүхдүүдийн амьдрал дахин нэг удаа хормын дотор орвонгоороо эргэлээ. Хохирлын бодит хэмжээг бид хараахан бүрэн тогтоож амжаагүй байна. Гэвч хүүхдүүд орон гэр, сургууль, хамт олноо алдсан байх магадлалтай. Маш олон хүүхдүүдийн хувьд наймдугаар сарын аймшигт үерийн дараах айдас, цочрол нь арилаагүй байгаа. Арайхийж хэвийн байдалдаа орж явтал нь ахин гамшиг нүүрлэлээ" гэжээ.
Эргэн сануулахад, Балба, Хятадын хилийн орчимд аймшигт үерийн гамшиг нүүрлэснээс болж 1400 гаруй хүн амиа алдаад хоёрхон сар өнгөрч байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, энэ удаагийн үерийн улмаас үүссэн нуранги, шаврын урсгал нь наймдугаар сард болсон сүйрлийн үертэй харьцуулахад хэмжээний хувьд бага, мөн хөдөлгөөн нь удаан байсан байна.
Сүүлийн үерийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Зарим шинжээчийн үзэж буйгаар, хөрсний нуралт гол эсвэл түүний цутгалын урсгалыг хэсэг хугацаанд хаасны эцэст, голын гольдрол гэнэт сэтэрсэн байж болзошгүй.
ЭХ СУРВАЛЖ: BBC