Сэтгүүлч Т.Шинэбаярыг 24 цагийн дотор хорьсон нь хууль хэнд үйлчилж байгааг харуулав
Дэнс.мн сайтын сэтгүүлч Т.Шинэбаярыг саатуулжээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн зөвлөх түүнийг цагдаад өгч байгаагаа мэдэгдсэнээс ердөө 24 цагийн дараа хорилоо.
Харин жирийн иргэдийн гомдол, шаардлагад хууль хүчний байгууллагууд ингэж шуурхай ажилладаг уу? Эсвэл хэн гомдол гаргаснаас бүх зүйл шалтгаалдаг уу?
“Шинээ муухай” гэх нийтийн хандлагаар тоглож, хүнийг хорихыг зөвтгөж болохгүй!
Өнөөдөр хорьсон нь зөв гэж хашхирч байгаа хүмүүс маргааш өөрсдийнх нь үзэл бодол, лайв, шүүмжлэлийн төлөө хэн нэгнийг баривчлан хорихыг дэмжигчид болж мэднэ.
Хүн танд таалагддаггүй байж болно. Таныг бухимдуулсан ч байж болно. Гэхдээ тэр нь хүнийг хорихыг баярлан дэмжих шалтгаан биш.
Шагнал хүссэн, уулзах санал тавьсан, санхүүгийн тусламж гуйсан, томилолт хүссэн хүн бүрийг ингэж барьж хорьдог болмоор юм уу? Ерөнхийлөгчийн баг гомдол гаргавал цагдаа шуурхай ажилладаг, жирийн иргэдийн асуудал болохоор өөр хэрэг үү?
Хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой. Хэний ч нэр хүнд, албан тушаал, хувийн дургүйцэл хууль хэрэгжүүлэх шалгуур байж болохгүй.
Өнөөдөр Шинээд тохиолдсон зүйл маргааш өөр хэнд ч тохиолдож болно. Тиймээс хүнийг үзэн ядах сэтгэлээр биш, хууль ёс, шударга ёсны зарчмаар асуудалд хандъя.
Хүнийг хорьсонд нь баярлах биш, хууль ёсоор хорьсон эсэхийг нь асууцгаая!