"Ханбогд кашмер" ХХК-ийн захирал Ч.Ганцэцэгийн компаниуд ХАА-н салбараас 182 тэрбумын хөнгөлөлттэй зээл авчээ

“Ханбогд кашмер” ХХК-ийн захирал Ч.Ганцэцэгийн хамаарал бүхий компаниуд өмнө нь Хөгжлийн банкнаас нийт 82 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан талаарх асуудал 2023 оны нээлттэй сонсголоор яригдаж байсан. Тухайн үед “Ханбогд кашмер” 25 тэрбум төгрөгийн зээлээсээ 8 тэрбумыг хадгаламжид байршуулж, 13 тэрбумыг өмнөх зээлээ хаасан гэх мэдээлэл шинжээчийн танилцуулгад дурдагдсан.
Харин энэ удаа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгосон хөнгөлөлттэй зээлийн асуудлыг хэлэлцсэн сонсголын үеэр “Ханбогд кашмер” ХХК 182 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан гэх мэдээлэл ил болсон байна.
Тодруулбал, мэдээллүүдэд уг дүнг “Эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр”-өөс 68.8 тэрбум, ноолуур бэлтгэлийн хөтөлбөрөөс 47 тэрбум, “Цагаан алт” хөтөлбөрөөс 67 тэрбум төгрөгийн санхүүжилт гэж задалсан байна. Нийт дүн нь 182.8 тэрбум төгрөг болж байгаа юм.
Ингэснээр өмнө нь Хөгжлийн банкны зээлийн зарцуулалттай холбоотой асуудал сонсголоор хөндөгдөж байсан компанид төрийн хөнгөлөлттэй санхүүжилт дахин өндөр дүнгээр олгогдсон эсэх, зээлүүд ямар шалгуураар батлагдсан, зориулалтын дагуу ашиглагдсан эсэх асуудал анхаарал татаж байна.
Хамгийн гол нь төрийн хөнгөлөлттэй зээл хэдхэн том компанид төвлөрч байгаа эсэх, зээлдэгчдийн өмнөх зээлийн түүхийг хэрхэн харгалздаг, эргэн төлөлт болон зарцуулалтад ямар хяналт тавьдаг талаар ил тод мэдээлэх шаардлагатай байна.
П.Самдан
www.BOLOD.mn
www.BOLOD.mn