АНУ, доллар, бас бид


Урд өмнө нь хүмүүсийн хэн нь ч огт мэддэггүй байсан зүйлийг мэдэх, олох, хийж бүтээх (танин мэдэх, эрж олох, урлан бүтээх)-ийг нээлт хэмээн нэрийдсээр иржээ. Ийм байр сууринаас үзэх үнэлэх аваас нээлт биш нээлтүүд ч олон буй. Нээгээгүй зүйлээ нээсэн нэр зүүж явсан хүмүүс ч олон. Ганц жишээ татъя. 15-р зууны эцсээр Америк тивийг нээсэн гэцгээдэг. Гэтэл тэр тивийг хүмүүс нээж олоод, эсвэл тэндээ үүсээд олон мянган жил амьдарч, хот суурин барьж, бусдын л адил аж төрж байжээ. Инкууд, Мааяа нар, индейчүүд гээд л ярьцгаадаг даа.

Европчууд Энэтхэг хүрэхээр зорьж гараад замдаа Америк тивд хүрч очжээ. Төөрч шахуу яваад айл олж очжээ гэсэн үг. Тэгээд л бид энэ газрыг нээлээ гэцгээж, бид эзэн нь боллоо гэцгээх болжээ. Монгол хүний ойлголтоор бол “төөрч явсан хүн айл олж очоод би энэ айлыг нээлээ. Одоо эзэн нь би болох ёстой” гэхтэй бараг л ижил юм…

Индейчүүд хэрвээ усаар явсаар Европод ирээд бид энэ газрыг нээлээ, одоо энэ нутаг бидний өмч, эзэмшил гэсэн бол яанаа? Хүмүүс хүмүүс дээрээ явж очиж байгаа болохоор арай өөрөөр байж болноо доо? Огт эзэнгүй арал олоод оччихсон бол ч яахав, энэ арал биднийх гэж хэлж, тооцож болох юм. Австрали тив ч мөн ялгаагүй, хүмүүстэй,  эзэдтэй л байсан газар нутаг билээ. Аборигенууд гэгдэх хүмүүс тэнд аж төрж байсан юм. Европчууд бас л бид шинэ тив нээлээ, эзэд нь бид гэцгээжээ. Яаж байгаа нь энэ билээ? Уугуул иргэдийг нь хүн биш гэж тооцож байнаа даа? Гэтэл тэд чинь хүн, бидэнтэй ижил л хүмүүс шүү дээ! Америк, Австрали хоёр эзэнтэй л газар нутаг, уугуул хүмүүс нь л анх нээж олсон газар нутаг, тэдний л эзэмшил шүү дээ! Европчуудын хувьд иймэрхүү сонин, эвгүй баримт тун олныг дурдаж болно… Хөгжилтэй, хөгжингүй нь сул хөгжилтэйгээ эзэрхийлж байх ёстой мэтээр сэтгэдэг европчууд, мөн тэднээс гаралтай америкчууд яг л тэр аашаа одоо Оросод гаргаж байна. Оросууд бол бүдүүлэг хүмүүс, тэд өндөр хөгжилтэй, соёлтой бидэнд аюул учруулж болзошгүй, бидний үнэт зүйлүүдэд оросууд заналхийлж байна. Оросод стратегийн цохилт өгч, задалж, газар нутаг, баялгийг нь бид эзэмших хэрэгтэй гэцгээх болов. Америк тивийн индейчүүд, Африкийн негрүүд, Австралийн аборигенүүдийг эзэрхийлсэн шигээ одоо оросуудыг эзэрхийлэхээр нэгдэв бололтой. Энэ бол байж болшгүйн дээр ер бүтэх боломжгүй санаархал юм. Яг үнэндээ энэ бол тэдний амиа хорлох алхам шүү дээ! Европ ингэтлээ тэнэгтэх учиргүй сэн…

Яачихсан юм бол оо? Анхнаасаа л бусдын газар нутаг, эд баялгийг булааж, негрүүдийг боолчилж үүссэн, төлөвшсөн улс орон болохоороо тэр түүхээрээ ямагт байх гэсэн санаархал АНУ-ын элитүүдэд одоо ч байсаар, Трамп мэтийн болчимгүй хүмүүс нь уламжлалт түрэмгий ааш авираа баруун, зүүнгүй л  гаргасаар байна.

Хүчирхийлэл, дээрэм, террор үйлдэж буй Цагаан ордон XX зуунд ч, мөн XXI зуунд ч тараа таниуллаа, нэрээ хугаллаа. Вьетнам, Солонгос, Афганистан, Ирак, Сири, Газын зурвас, Иран, Венесуэльд хичнээн ч гэмт үйлдэл хийв дээ. Цаашдаа ч тийм л байх бололтой. Дэлхий дахин залхлаа, АНУ-ын жанжлал ёс суртхууны хувьд нуран уналаа. Өнөөдөр гэхэд олон улсын амьдралын нэр хүнд бүхий хоёр төв нь Хятад, Орос боллоо. 3 дахь төв нь байх нэр хүндээ АНУ гээсээр л байна… Баруун европчууд, мөн тэднээс угшилтай америкчууд Хойд, Урд Америкийг эзлэн өмчилсөн, бас Австралийг бүхэлд нь эзэгнэсэн, Европод, мөн арлуудаар ихээхэн дэвсгэр нутагтай, нэг хэсэг нь Африкт ч очиж суурьшсан, одоо Оросын газар нутаг, байгалийн баялагт шунаж байна. Хэзээ тэд “жолоогоо татах” юм бол оо? Арай л хэтэрч байгаа юм биш үү? Энэ байдлаа ойлгох, шунахайрлаа татах ухаан та бүхэнд байгаа шүү дээ! АНУ-ын нэр, нөлөөг өндөрт өргөж байсан нэгэн хүчин зүйл бол доллар байв. Долларт суурилсан мөнгө-санхүүгийн систем ч нурж эхэллээ. Цагаан ордонд одоо Латин Америк ч, Баруун Европ ч, Еврази ч итгэхгүй. Энэнийг дагалдаад долларын нөлөө ч суларна, хумигдана. АНУ гүйгээр, доллар гүйгээр амьдрах аргаа улс орнууд олчихно. Өнөөдөр гэхэд дэлхийн хэмжээнд хичнээн доллар байгаа, тэдгээрийн хэдэн хувь нь үнэт зүйлээр баталгаажиж чадахыг хүн төрөлхтөн ер мэдэхгүй. Бүгдийг нь татаж аваад үнэт зүйлсээр төлөх сэтгэл, боломж, мөс чанар Цагаан ордонд байхгүй… Долларт суурилсан Банк-санхүүгийн систем эцсийн дүндээ АНУ-ын л ашиг, сонирхолд элдэвээр үйлчилсээр ирлээ. Энэний хор холбогдлыг ойлгосон улс орнууд тэгш, шударга зарчимд суурилсан шинэ харилцааг хүсэмжлэх нь аргагүй л ирэх ёстой үзэгдэл байв. Улс хоорондын харилцаанд гарсан бэрхшээл, хүндрэлийн үед долларын эрхшээл дор байдаг банкууд гүйлгээг хаах, саатуулах, бүр хэн нэгэнд нөгөөгийнхөө  мөнгөн хадгаламжийг элдэвээр ашиглах, шамшигдуулах, бүр дээрэмдэн авах боломжийг ч олгодог нь нотлогдлоо.

Доллар бол онцгой сонин үүрэг ба түүхтэй цаасан мөнгө. Цаасан мөнгө бол таваарын гүйлгээний хэрэгсэл, зуучлагч. Гэтэл АНУ хүчирхэгжих, хөрөнгөжих хэрээр долларын нэр, нөлөө өсөж бараг л алтан зоос мэтээр ойлгогдох, үнэлэгдэх болжээ.

Энэ байдлыг нь ашиглаж АНУ долларыг ихээр үйлдвэрлэж, аль ч орны баялгийг мөнхүү ногоон цаасаараа сольж авах, өндөр хүүтэй их хэмжээний зээлийг доллараар олгож бусдыг шулах, өөрсдөө төлбөрийг доллараар хийж харин бусад орны төлбөрийг өөртөө алтаар хийлгэх, долларын хомсдлыг элдэв аргаар үүсгээд бусад улсын мөнгөний ханшийг ихээр унагах зэргийн олон аргаар бараг бүх улсыг, бүх ард түмнийг мөлжиж эхэлжээ. Дарангуйлах, мөлжих, урхидах, худалдааг зуучлах зэрэг олон үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэж байсан цаасан мөнгө доллараас өөр байхгүй. АНУ одоо бүх дэлхийн алтны нөөц, бүх дэлхийн нефть шатахууны нөөцийг элдэв аргаар гартаа хийх замаар энэ дэлхийн эзэн, хүн төрөлхтөний эзэн болохыг санаархаж байна. Хүчирхэг, баян нэг л улсын цаасан мөнгө дэлхийд ноёрхох нь олон сөрөг үр дагавартай болохыг хүн төрөлхтөн таньж мэдлээ. Доллар алт хоёр юугаараа ялгаатайг ч хүмүүс мөн мэддэг болов. Дэлхийгээр нэг тарсан энэ цаасан мөнгө зөвхөн АНУ-ын л мөнгөн тэмдэгт болж хумигдах ёстой. Эс тэгвээс долларын үүдэх сөрөг үр дагавар ямар ч гай тарьж болно. Дэлхийн дайны дам шалтгаан, шалтаг болж ч мэднэ. Аль нэгэн шалтгаанаар АНУ хямралд автах, задрах аваас доллар ногоон цаас л болно. Тэгдэггүй юмаа гэхэд АНУ доллараа үнэт зүйлээр баталгаажуулж чадахгүйгээ ил хэлэх болсон. Үр дагаврыг нь ойлгож буй болохоор АНУ долларын ноёрхлыг хэвээр нь хадгалахын төлөө юу ч хийхээс сийхгүй болоод байгаа нь ч нууц биш. Дэлхийн олон орон, олон хүн мөнгөн хөрөнгөө доллар болгон хадгалдаг. Дэлхийн 2-р дайны дараа Германы марк цаас болон хувирч айлууд маркаар гал асааж байв. Ийм зүйл давтагдахыг ч үгүйсгэх аргагүй. Алт, мөнгө, үнэт зүйлээр баталгаажих боломжгүй болчихсон цаасан мөнгө бол найдвартай нөөц, хөрөнгө биш юм. АНУ алтныхаа нөөцөөр дэлхийд тэргүүлдэг (ойролцоогоор 8 сая гаруй килограмм), дараа нь Герман, Олон улсын валютын сан (тус бүр 3 сая гаруй кг), Франц, Итали, Швейцарь ордог. Өнөөдрийн дайн, хямралын улмаас улс орнууд энд тэнд хадгалуулж байсан алтаа өөртөө татан авсаар байна.

Одоогоос 40 жилийн өмнө Монголд нэг доллар 3 төгрөг, 80 мөнгөний ханштай байлаа. Одоо 3500 төгрөг болж ойролцоогоор 1000 дахин өсчээ. Энэний үчрыг юу гэж тайлбарлах вэ? Цаад нарийн учрыг нь манай эдийн засагчид, банк-санхүүгийн мэргэжилтнүүд мэддэг болов уу?


Жинс, бохь, поп хөгжим мэтэд хууртсан, хорхойссон залуус, хүмүүс одоо цааш нь барууны юу юунд хууртах, донтох бол оо? Их өтгөс, үндэсний баатрууддаа хөшөө босгож завдаагүй мөртлөө тэд барууны дуучдад хөшөө босгосон юм. Уг нь морин хуурын эрдүүн ая, уртын дууны уянгалаг эгшгийг сонсож өссөн хүүхдүүд шүү дээ! Овоо боловсролтой хүмүүс, надтай хамт ажиллаж байсан зарим залуус хүртэл “Америк”-аар донтож билээ. Тэр хууртсан, хөөсөрсөн сэтгэлзүй нь одоо ч үргэлжилсээр байгаа юм. Улстөрчид маань авилгад донтлоо. Хэдэн ерөнхийлөгч, хэдэн ерөнхий сайд, хэдэн сайд, аймгийн хэдэн засаг дарга, төрийн өмчийн үйлдвэрийн дарга нар, УИХ-ын гишүүн асан хүмүүс цагдаа, шүүхэд мөрдөгдөж, ял аваад байгаа билээ? Иймэрхүү зиндааны хэдэн хүн гадаадруу оргон зайлаад байгаа билээ? Тэдэнд эх оронч сэтгэл ч байхгүй, ичих нүүр ч байхгүй, хүний мөс чанар ч байхгүй… Залуус маань дөрвөн зүг, найман зовхист хил даван одоцгоолоо. Уяачид, бөхчүүд, харваачид наадамд донтлоо. Аймгийн захиргаад угтаж авах, үдэж гаргах хаалганд донтлоо. Нэмээд арваадыг ч мөн нэрлэж болно. Энэ цагийн амьдрал, өнгө төрхөө гэж… Хүмүүс яаж жижгэрч байна аа? Олон улсын хэмжээнд хамгийн ихээр хуурамчаар бэлтгэгддэг цаасан мөнгө бол доллар байлаа. Өнөөдөр гэхэд л хэдэн саяараа энд тэнд байж л байгаа. Авилга, хахуулийн гол хэрэгсэл ч гэсэн доллар л байдаг. Цагаан ордны гарт доллар мөн ч олон янзаар ашиглагдаж, мөн ч олон үүрэг гүйцэтгэж байна даа. Цаасан мөнгөнд ямар буруу байхав. Цаад эздийн нь хорон санаа, хомхой сэтгэл, хүний мөсгүй зан, чанар л буруутай. Монгол угсаатны маань үнэт зүйлүүдрүү доллараар хөлөглөсөн довтолгоон (атак) хийгдсээр л байна. Чухам яаж дуусах бол оо? Уламжилт бүхнээ, үнэтэй бүхнээ алдаад бид долларт цулбуурдуудсан хүүхэлдэйнүүд болж ч мэднэ.



Судлаач профессор. Д. Чулуунжав
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen