Монгол Улс анх удаа COP17-ын үндсэн хөтөлбөрт “Усны өдөр” зохион байгууллаа


Монгол Улс дэлхийн 197 орны төлөөллийг оролцуулсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг эх орондоо амжилттай зохион байгуулж, даргалагч орны хувьд олон улсын анхаарлыг усны аюулгүй байдлын асуудалд чиглүүлж байна.
Энэ удаагийн COP17-ын онцлох үйл явдал нь Монгол Улс анх удаа хурлын үндсэн хөтөлбөрт бүтэн нэг өдрийг “Усны өдөр” болгон зарлаж, ус, газар, цөлжилтийн харилцан хамаарлыг НҮБ-ын өндөр түвшинд хэлэлцүүлсэн явдал юм. Ингэснээр өмнө нь цөлжилт, гангийн эрсдэлийн хүрээнд дагалдах байдлаар яригддаг байсан усны асуудлыг газрын доройтлыг бууруулах бодлоготой уялдуулан олон улсын түвшинд гаргаж чадлаа.
“Усны өдөр”-өөр гангийн тэсвэржилтийн хөрөнгө оруулалт, ус–газрын нэгдсэн менежмент, усны засаглал, хууль эрх зүй, санхүүжилт, хил дамнасан элс, шороон шуурганы эрсдэл, усны эргэлтийн менежмент болон шинэ технологийн шийдлүүдийг хэлэлцэв.
Монгол Улсын Засгийн газраас энэ хүрээнд гадаргын усыг хуримтлуулах “Хөх морь” санаачилгыг дэвшүүллээ. Тус санаачилга нь шар усны үер болон зуны хур тунадасны илүүдэл усыг хуримтлуулах усан сан, хиймэл нуур, далан байгуулах, гол мөрөн, булаг шанд, цөөрөм сэргээх, говийн бүсийн ундны усны нөөцийг хамгаалах, цэвэршүүлсэн усны хэрэглээг нэмэгдүүлэх, гүний усны менежментийг сайжруулахад чиглэж байна.


Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн бөгөөд ган, зуд, үер зэрэг уур амьсгалын гаралтай гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаа нь усны нөөцийг зөв зохистой ашиглах, ландшафтын ус хадгалах чадавхыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна.
“Усны өдөр”-ийн хүрээнд Монголын талын байгууллагууд усны аюулгүй байдал, гамшгийн эрсдэлийн удирдлага, хүнсний аюулгүй байдал, стандартчиллын чиглэлээр үзэсгэлэн, хэлэлцүүлэг зохион байгуулж, олон улсын оролцогчдод Монголын бодлого, шинжлэх ухаан, практикийн туршлагыг танилцууллаа.
Мөн “Цэнгэг усны экосистемийн хамгаалал ба усны салбарын стандартчилал” хэлэлцүүлгээр Хөвсгөл нуурын цэнгэг усны нөөц, экосистемийн хамгаалал, нуурт живсэн техник хэрэгслийг татан гаргах ажиллагааны туршлага, усны салбарын стандартчиллын өнөөгийн байдал болон цаашдын зорилтыг хэлэлцэв.
Ийнхүү Монгол Улс COP17-ын индрийг ашиглан ус, газар, экосистем, гамшгийн эрсдэлийн уялдааг олон улсын бодлогын түвшинд тодотгож, “хуурай газрын экосистемийн цөм нь ус” гэсэн үзэл санааг дэлхий нийтэд хүргэж байна.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen