Налайхын уурхайн нөхөн сэргээлтийн асуудлаар ХБНГУ-ын Фрайбергийн их сургуулийн профессоруудтай санал солилцлоо


Өнөөдөр /2026.06.25/ ХБНГУ-ын ХБНГУ-ын Захсен муж улсын Фрайберг хотын "Уул уурхайн Академи" техникийн их сургуулийн Геошинжлэх ухаан, геотехник, уул уурхайн Факультетийн декан бөгөөд Маркшейдерийн институтийн захирал профессор, доктор Ёорг Бенндорф болон Гидрогеологи, гидрохимийн салбарын эрхлэгч, Ус судлалын төвийн захирал профессор, доктор Трауготт Шейтт Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор, доктор Д.Баяр нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Налайх дүүргийн уул уурхайн ашиглалтын дараах нөхөн сэргээлт, хүнцлийн бохирдол, газрын суултын эрсдэл, ус, хөрс, агаар орчны аюулгүй байдал, уул уурхайн салбарт байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцов.
Уул уурхайн нөхөн сэргээлтийг зөвхөн техникийн шийдэл бус байгаль орчны хамгаалалт, эдийн засгийн хөгжил, орон нутгийн иргэдийн амьдралын чанар, тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатай юм.
ХБНГУ-ын тал олон жилийн туршлагадаа тулгуурлан хуучин уурхайн бүсийг аюулгүй болгож, нөхөн сэргээх, байгалийн тогтцыг сайжруулан сэргээх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Мөн Налайх дүүрэгт байгаль орчинд ээлтэй, стандартад нийцсэн нөхөн сэргээлтийн жишиг загвар бий болгож, уул уурхайн компаниудад зөвлөмж, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх боломжтойг онцлов.
Уул уурхайн салбарын тогтвортой хөгжилд хүний нөөц, мэргэжилтэн бэлтгэх асуудал чухал гэдгийг талууд тэмдэглэж, эрчим хүчний шилжилт, ногоон хөгжлийн бодлоготой уялдсан боловсрол, судалгаа, сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
Уудам Монгол оронд минь зочилсон ХБНГУ-ын Фрайбергийн Их сургуулийн профессоруудад ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen