Оюу толгойн баяжмалын тээврийн замыг хаасан иргэдэд шаардлага хүргүүлж, замыг чөлөөлжээ
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюу толгойн баяжмал тээвэрлэлтийн замын 84 дэх километрийн уулзварыг “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий н.Энхбат тэргүүтэй найман иргэн энэ сарын 17-ны өглөөний 09:00 цагаас эхлэн хаасан байна.
Уг үйл ажиллагаатай холбогдуулан Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч, Ханбогд сумын Засаг дарга болон Цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, хууль бус үйлдэл гаргаж буй талаар анхааруулга өгч, мэдэгдэл шаардлага хүргүүлжээ.
Цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр замыг мөн өдрийн 21:00 цагт бүрэн чөлөөлж, баяжмал тээвэрлэлтийн хэвийн хөдөлгөөнийг сэргээсэн байна. Мөн уг асуудалтай холбогдуулан Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Үүнээс өмнө Ерөнхий сайд С.Амарсайханд Оюу толгойн үйл ажиллагаанд хууль бус саад учруулж буй этгээдүүдэд хариуцлага тооцох чиглэл өгсөн талаар мэдээлэгдээд байсан юм.
ЦЕГ-аас “Монгол Улсын иргэд үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал хийх эрхтэй боловч замын хөдөлгөөнийг хааж, бусдын зорчих эрх болон аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахыг хуулиар хориглодог” хэмээн анхаарууллаа.