"Долоогийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалт Францад эхэлжээ


ЖЕНЕВ, 2026 оны зургаадугаар сарын 16 /Kyodo/.
 "Долоогийн бүлэг"-ийн /G7/ орнуудын удирдагчдын гурван өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалт даваа гарагт Францад эхэлжээ. АНУ, Ираны хооронд урьдчилсан байдлаар байгуулаад буй дайныг зогсоох хэлэлцээр нь Ойрх Дорнодын хурцадмал байдлыг намжааж, бүс нутгийг хамарсан өргөн хүрээтэй мөргөлдөөн гарахаас сэргийлэхэд түлхэц болж чадах эсэх талаар удирдагчид үнэлэлт дүгнэлт өгөх тул уг асуудал уулзалтын эхний хэлэлцүүлгүүдийн гол сэдэв байх төлөвтэй байна.

Байлдааны ажиллагааг зогсоох зорилго бүхий энэхүү хэлэлцээрийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын 80 насны төрсөн өдөр буюу өнгөрсөн ням гарагт зарласан бөгөөд баасан гарагт албан ёсоор гарын үсэг зурж баталгаажуулах төлөвтэй байна. 

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг даргалж буй Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны мэдэгдсэнээр, удирдагчид Ормузын хоолойг урт хугацаанд дахин нээх асуудлыг хэлэлцэх ажээ. Францын нуурын эргийн Эвиан-ле-Бен хотноо болж буй уг дээд хэмжээний уулзалт нь АНУ болон тус улсын Европын холбоотнуудын хооронд санал зөрөлдөөн байсаар байгаа энэн үед Ойрх Дорнод, Украин дахь хурцадмал байдал, түүнчлэн эдийн засгийн аюулгүй байдлын асуудлаар "Долоогийн бүлэг"-ийн орнууд нэгдмэл байр суурьтай байж чадах эсэхийг харуулах сорилт болно.

Санал зөрөлдөөнөө онцлон харуулахгүйн тулд улс орнуудын удирдагчид дээд хэмжээний уулзалтын төгсгөлд уламжлал ёсоор гаргадаг хамтарсан мэдэгдлийг гаргахгүй байх магадлалтай байна.

Үүний оронд тэд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээ болон дэлхийн эдийн засгийн тэнцвэргүй байдал зэрэг санал нэгдэхэд илүү дөхөм байж болохуйц асуудлуудаар тус тусдаа мэдэгдэл гаргахаар боловсруулж байна. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ өнгөрсөн 10 дугаар сард үүрэгт ажилдаа орсноосоо хойш "Долоогийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалтад анх удаагаа оролцож байна.



Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen