АНУ, Иран энхийн хэлэлцээрт хүрснээ зарлалаа


Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф 6-р сарын 15-нд хэлэхдээ, эрчимтэй хэлэлцээний дараа АНУ, Иран энхийн хэлэлцээрт хүрсэн, мөн хоёр тал Ливаны фронт дахь цэргийн ажиллагааг оролцуулсан бүх цэргийн ажиллагааг нэн даруй, бүрмөсөн зогсоохоор тохиролцсон бөгөөд хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол 6 дугаар сарын 19-нд Швейцарь улсад болохоор төлөвлөгдөж байна гэлээ.

Шехбаз Шариф хэлэлцээрийг урагшлуулахад хувь нэмэр оруулсан Америк, Иран, Катар, Саудын Араб, Турк зэрэг орнуудад талархал илэрхийлжээ. Тэрээр энэ долоо хоногт албан ёсны гарын үсэг зурах бэлтгэлийг хангах зорилгоор цуврал уулзалт, хэлэлцээ хийх болно гэжээ.

Мөн Ираны Гадаад хэргийн дэд сайд Гарибабади, Америк–Ираны харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг эцэслэн боловсруулсан бөгөөд “Исламабадын санамж бичиг”-т 19-нд албан ёсоор гарын үсэг зурахаар болсныг нотолжээ. Уг тохиролцооны дагуу Америк Ираны тэнгисийн цэргийн хоригийг цуцалж, хоёр тал цэргийн ажиллагаагаа зогсоох болно. Ираны холбогдох үүрэг, амлалт нь хэлэлцээр албан ёсоор хүчин төгөлдөр болсны дараа хэрэгжих юм байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь хоёр талын хэлэлцээр үндсэндээ эцэслэгдсэн гэж мэдэгдэж, Ормузын хоолойг бүрэн нээх болон холбогдох хориг арга хэмжээг цуцлах болно гэлээ.

Мөн хэлэлцээрт Иран цөмийн зэвсэг эзэмшихгүй байх амлалт багтсан гэж мэдээлжээ. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж. Д. Вэнс гарын үсэг зурах ёслолд оролцох төлөвтэй байгаа бөгөөд Ерөнхийлөгч Д. Трамп ч мөн оролцох боломжтой гэж дурдлаа. Өнөөгийн байдлаар хэлэлцээрийн тодорхой нөхцөлүүдийг хараахан ил болгоогүй. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш АНУ болон Ираны хооронд энхийн хэлэлцээрийн талаар тохиролцоонд хүрснийг сайшаалаа.

Г.Бямба
https://sonin.mn/newsDetail/17512
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen