Нийтийн албан тушаалтны зургийг нийтэлсэн хэвлэлийг 20 саяар торгосон шийдвэрийг ХЭҮК өөрсдийн алдаа байсан гэж дүгнэлээ


2026 оны нэгдүгээр сарын 29-нд Зөв.мн сайт Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн удирдлагатай холбоотой, төрийн өмчийг үр ашиггүй зарцуулсан байж болзошгүй асуудлыг хөндсөн нийтлэл нийтэлжээ. Уг нийтлэлд тус компанийн албан тушаалтан Н.Ганхуягийн зургийг ашигласан байна.

Үүний дараа Н.Ганхуяг өөрийн зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн гэх үндэслэлээр Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргажээ. Гомдлын мөрөөр ХЭҮК-ийн Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганзориг Н.Ганхуягийн зургийг “биометрик мэдээлэл” гэж үзэж, зөвшөөрөлгүй нийтэлсэн нь Зөрчлийн тухай хуулийн шинжтэй байж болзошгүй гэсэн албан бичгийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст хүргүүлсэн байна.

Цагдаагийн байгууллага уг асуудлыг шалгаж, Зөв.мн сайтыг хүний зураг зөвшөөрөлгүй нийтэлсэн гэх үндэслэлээр 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.

Үүний дараа Зөв.мн сайтын захирал Г.Долгорсүрэн болон тус редакци энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, Н.Ганхуяг нь төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтан тул түүний зургийг олон нийтийн ашиг сонирхолтой холбоотой мэдээлэлд ашиглахад зөвшөөрөл шаардахгүй гэж мэдэгдсэн юм. Мөн торгуулийн шийдвэрийг хууль зөрчин гаргасан гэж үзэн ХЭҮК-д шаардлага хүргүүлжээ.

Удалгүй Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон ХЭҮК-д шаардлага хүргүүлж, хэвлэлийн эрх чөлөөнд халдсан үйлдэл болсон гэж мэдэгдэв. МСНЭ-ийн Цахим сэтгүүл зүй хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар “Нийтийн албан тушаалтны зургийг нийтэлсний төлөө хэвлэл мэдээллийн байгууллагыг 20 сая төгрөгөөр торгох ямар ч хуулийн үндэслэл байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Маргаан өрнөсний дараа ХЭҮК тайлбар гаргаж, мэдээ мэдээлэлд ашигласан нийтийн албан тушаалтны энгийн гэрэл зураг нь биометрик мэдээлэл биш болохыг мэдэгдсэн. Комиссын тайлбарласнаар биометрик мэдээлэлд гарын хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, нүүр царай, дуу хоолой, биеийн хөдөлгөөний онцлог зэрэг хүнийг техник, программ хангамжийн тусламжтайгаар таньж тодорхойлох боломжтой өгөгдөл хамаардаг байна. Харин энгийн гэрэл зураг нь хүний хувийн мэдээлэлд тооцогдох боловч хүнийг таньж тодорхойлох зорилгоор техник, программ ашиглан боловсруулаагүй тохиолдолд биометрик мэдээлэлд хамаарахгүй гэжээ. Мөн гомдлыг шийдвэрлэхдээ гэрэл зургийг биометрик мэдээлэл гэж үзсэн нь мэргэжлийн алдаа байсан гэж ХЭҮК дүгнэсэн байна.

Энэ асуудлыг УИХ-ын түвшинд ч хэлэлцсэн байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ХЭҮК өөрөө хууль зөрчсөн байж болзошгүй талаар хариуцлага тооцох шаардлагатай гэж мэдэгдсэн бол Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Биометрик мэдээлэл гэж үзээд торгосон нь утгагүй асуудал” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Мөн Ерөнхий сайд Н.Учрал уг асуудлыг хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхэд халдсан үйлдэл гэж үзэж байгаагаа мэдэгдэн, буруутай нийтийн албан тушаалтнуудад хариуцлага тооцож, шаардлагатай бол албан тушаалаас нь чөлөөлөхөө мэдэгдсэн байна.

Ингэснээр төрийн өмчит компанийн албан тушаалтны зураг ашигласан асуудлаас үүдэн эхэлсэн маргаан нь хэвлэлийн эрх чөлөө, хүний хувийн мэдээллийн хамгаалалт, төрийн байгууллагуудын хууль хэрэглээний талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг болж өргөжсөн юм.


Б.Зул
www.BOLOD.mn
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen