2026 оны баяр наадам, түүхт ойн арга хэмжээнүүдийн тов гарлаа
2026 онд улс орон даяар олон аймаг, сум, байгууллага, сургууль, түүхэн дурсгалт газруудын ой тохиож байгаатай холбогдуулан баяр наадам, ойн арга хэмжээнүүдийн товууд гарчээ.
Энэ жилийн онцлох арга хэмжээнүүдийн дунд Отгонтэнгэр хайрханы тахилга зургаадугаар сарын 17-нд болох бол Эрдэнэт хотын 50 жилийн ой долоодугаар сарын 23-25-ны өдрүүдэд тэмдэглэгдэхээр байна. Мөн Эрдэнэзуу хийдийн 400 жилийн ой энэ онд тохиож буйгаараа онцлог юм.
Түүнчлэн Дархан хотын 65 жил, Залуучууд театрын 50 жилийн ой, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 100 жил, Архангай аймгийн Цэцэрлэг сумын 100 жил, Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны 100 жилийн ой зэрэг томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдана.
Аймаг, бүсийн хэмжээний баяр наадмуудаас Дундговь аймгийн баяр наадам болон Говийн бүсийн хурд, Завхан аймгийн баяр наадам болон Баруун бүсийн хурд, Сүхбаатар аймгийн баяр наадам болон Зүүн бүсийн хурд долоодугаар сарын 24-26-ны өдрүүдэд тус тус болохоор товлогджээ.
Мөн Архангай аймгийн Цахир суманд зургаадугаар сарын 26-28-ны өдрүүдэд Даншиг наадам болох бөгөөд Хархорин сумын 70 жилийн ой долоодугаар сарын 24-27-ны хооронд үргэлжилнэ.
Үүнээс гадна улс орон даяар олон арван сум, тосгон, ерөнхий боловсролын сургуулиудын түүхт ой энэ онд тохиож байгаа бөгөөд нутгийн зон олон, төгсөгчид, уугуул иргэд өргөнөөр оролцохоор бэлтгэл ажлууд эхлээд байна.
Иргэд ойн баяр, наадмын тов хуваарьт өөрчлөлт орж болзошгүй тул тухайн орон нутгийн Засаг даргын Тамгын газар болон зохион байгуулах комиссын албан ёсны мэдээллийг давхар шалгаж байхыг зөвлөж байна.