МОНГОЛ, ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ХОРООНЫ АРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮДЭЭ ТОДОРХОЙЛЛОО

МОНГОЛ, ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ХОРООНЫ АРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮДЭЭ ТОДОРХОЙЛЛОО 

Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны аравдугаар хуралдаан өнөөдөр /2026.05.11/ Гадаад харилцааны яаманд зохион байгуулагдлаа.  Хуралдааныг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчи нар тэргүүлэн оролцлоо.

Хуралдааны үеэр талууд Монгол, Туркийн стратегийн түншлэлийн харилцааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах болон нийгмийн хамгааллын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцож, ойрын жилүүдийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойллоо.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс Бүгд Найрамдах Турк Улсыг “гуравдагч хөрш”, “стратегийн түнш” орон хэмээн үзэж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулахад онцгой ач холбогдол өгч байгааг тэмдэглэв.

Тэрбээр хоёр улсын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх шинэ зорилтыг дэвшүүлж, Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд Туркийн талаас хамтарч ажиллахыг урьсан юм. Тухайлбал, “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын хүрээнд шинэ нисэх онгоцны буудал байгуулах, орон сууц барих төсөл, төмөр замын дэд бүтэц, логистикийн салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

Мөн Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх бодлогын хүрээнд боловсруулах үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, технологи болон дижитал шилжилтийн салбарт хөрөнгө оруулалт татахад анхаарч байгааг онцлон тэмдэглэв.

Туркийн талаас тус улсын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчи уул уурхай, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв. Тухайлбал, газрын ховор элемент олборлох, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах, малын вакцин нийлүүлэх, Монгол Улсад вакцины үйлдвэр хамтран байгуулах, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал болон жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

 Хуралдааны төгсгөлд талууд Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны аравдугаар хуралдааны протоколд гарын үсэг зурсан бөгөөд энэхүү баримт бичиг нь хоёр улсын  цаашдын хамтын ажиллагааны ойрын жилүүдийн замын зураг болох юм.

скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen