Есөн их наядын баялагаас Монголд үлдэж буй нь ердөө 5 хувь уу?

Оюутолгой 9 их наяд төгрөгийн орлого олж байхад Монгол Улс түүнээс ердөө 450 орчим тэрбум төгрөгийн татвар авч байна. Энгийнээр хэлбэл, Монголын баялгаас олсон мөнгөний дөнгөж 5 хувь нь л Монголд үлдэж байгаа гэсэн үг.
Энэ тоог харахад нэг л зүйл ойлгомжтой байна. Бид баялгаа ашиглуулж байгаа ч жинхэнэ өгөөжөө авч чадахгүй явна.
Ирэх 8-10 жил бол Оюутолгойн хамгийн их ашиг олох үе. Зэсийн үнэ өснө, олборлолт нэмэгдэнэ, орлого улам их болно. Гэтэл яг энэ үед Монгол Улс ашиг, татварын асуудлаа хүчтэй ярьж чадахгүй бол өмнө нь Бороогийн алтны орд дээр болсон алдаа дахин давтагдана. Асар их баялаг гаргаад, эцэст нь хэдхэн татвар, баахан хоосон нүхтэй үлддэг түүх дахин үргэлжилнэ гэсэн үг.
Өнөөдөр төр засаг жинхэнэ том асуудлаа ярьж чадахгүй байна. Улсын хэмжээний стратегийн ордын өгөөж ярих ёстой байтал жижиг тохижилт, өнгө үзэмжийн асуудал дээр илүү сүртэй ажилладаг болчихлоо. Ард түмний баялаг хэдэн арван жилээр яригдах асуудал байхад өдөр өнгөрөөсөн жижиг сэдвүүд давамгайлсаар байна.
Монголчууд гаднын хөрөнгө оруулалтын эсрэг биш. Харин Монголын баялгаас олсон ашигт Монголын ард түмэн бодит хувь хүртэх ёстой гэж л хэлж байгаа. Баялаг нь эндээс гарч байгаа бол ашиг нь ч бас Монголд үлдэх ёстой.
www.BOLOD.mn