Хөөрхий дөө!, Хүмүүс бид, хөөрхий!

Хөөрхий дөө! Хүмүүс бид! Хөөрхий! Бид өөрсдийгөө амьтан бүхний дээр тавьж, заримыгаа амьд бурхан болгож, заримыгаа тэрбумтан хэмээж, зарим нэгэндээ баатар цол олгож элдвээр хөөрцөглөдөг хэдий ч яг нүцгэн үнэнээрээ бол өрөвдмөөр, хөөрхий дөө! гэхээр амьтад шүү дээ. Тэр байдлыг нь илчилсэн, тодруулсан зүйр цэцэн үг аль ч ард түмэнд буй.
“Даруухан амьдарсан хүн л зуу насалдаг, давлиун явсан нь зуурдаар эцэслэдэг”, “Биеэ ихэд бодох, бэтгээ тарганд тооцох”, “Баян хүн нэг шуурганаар, баатар хүн нэг сумаар”, “Баян, ядуу хоёрын төгсгөл адилхан” гэхчилэн мөн ч олон үг, үнэн үг бий дээ...
Өнөөдрийн бодит байдлыг хар! Трамп яаж ихэрхэж, сагсуурч, бусдыг дээрэлхэж байна! 4 жил ерөнхийлөгч байх хугацаанд нь л АНУ яаж аугаа их болох юм бэ? Мексикийн буланг Америкийн булан гэж нэрлэе, Канад улс манай муж бол, Гренландийн арлыг бид авна, АНУ-ын ашиг, сонирхол л хамгийн эрхэм нь, АНУ-ын цэрэг арми л хамгийн шилдэг нь... Миний зааврыг л дага, надтай л тохир, Та нарын гарт ямар ч хөзөр байхгүй, дэлхийн бөмбөрцгийн баруун хагасын эзэн нь хэзээнээсээ л АНУ, зүүн хагасын нь хүн ард ч бидний удирдлага дор байх ёстой... гэхчилэн! Яг үнэндээ бол Трамп зальжин, овжин, зоргоороо загнах, бусдыг дарамтлах дуртай, байдаг л нэг бизнесмен шүү дээ. Тэрээр хуланц, элэнц өвөө, эмээгээ ч мэдэхгүй л болов уу. Боловсрол нимгэн, хүмүүнлэг биш, ухамсар дорой, гэгээлэг зүйл багатай л нэгэн. Хөөрхий дөө, муугаар л дуусах, дурсагдах байх... Энхтайвны төлөө Нобелийн шагнал авах гэж мэрийснээ одоо олон мянган энгийн иргэд, хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдийн аминд шууд болон дам хүрчихлээ, хөнөөчихлөө шүү дээ. Хэн бэ гэдгээ дорхноо л илчилчихлээ.
Еврей баячуудын лоббид орж, АНУ-ын гүнийн төр засгийн гар хөл болж, Нетаньяхугийн уран үг, худал мэдээлэлд автагдаад мөн ч их нүгэл үйлдчихлээ. Юун Нобелийн шагнал! Тэд Трампаар тоглочихлоо...
Эдийн засаг, аж ахуйн зорилго, асуудлыг шийдэж ирсэн тэр л арга, явуулгаараа улстөрийн зорилго, асуудлыг шийдэх гэсэн түүний санаархал ямагт л сөрөг үр дагавар үлдээж байна. Бүхнийг ашиг, алдагдлын үүднээс, зоосны нүхээр харж улстөр, цэрэг дайны асуудлыг шийдэж болохгүй, бүр боломжгүй. Бүх асуудалд хүмүүнлэгийн үүднээс хандах нь л 21-р зуунд зохистой билээ. Тэр тусмаа том, хүчирхэг улс орны хувьд ийм хандлага л эерэг үр дүнд хүргэдэг жамтай. “АНУ-ыг дахиад аугаа их болгоцгооё” гэх урианы улстөр, эдийн засгийн хэрэгжилт нь ганц туйлт дэлхий, АНУ-ын жанжлалыг сэргээх, нотлох, олон туйлруу тэмүүлэгсдээс өс хонзон нэхэх, авах процесс болж хувирах нь тодорхой байв. Олон зүсмийн даралт, шантаж хэрэглэж, ямар ч хязгаар, хазааргүй, зоргоор загнаж, АНУ-ын сонгогчид, хар масст ая тал засаж, болчимгүй тойрон хүрээлэгсэдтэйгээ бодит байдлаас тасран “жүжиглэж”, ялаагүй ялалтыг тунхаглан зарлаж, өөрийнхөө болон АНУ-ын нэр төрийг гутаах замруу л Трамп орчихлоо. Уул нь цөөнгүй зөв эхлэл түүнд байсан юм. Араас нь чичлэх гүнийн төр засаг, гарыг нь хүндрүүлэх олз, авлига, зөвлөгч нарын нь хорлол, эндүү ташаа мэдээлэл зэрэг олон хүчин зүйл түүнийг нэрмэчихдэг биз дээ. Орчин, нөхцөл, нийгэм нь тэр талдаа гаргууд л даа...
Европ, Орос хоёрыг хооронд нь ноцолдуулж сульдаагаад, Хятад, Энэтхэг хоёрыг хэрэгтэй бүхнээр нь боомилж үгэндээ оруулаад, бусдыг нь сүр хүчээр гарыг нь өргүүлээд болчих мэтээр Трамп, Трампистууд бодсон, төлөвлөсөн юм шиг байгаа юм. Ухаалаг хэд нь ч Трампыг орхичихлоо... Хөөрхий дөө! Хөөрхий!
Ганц Трамп ч биш. Хүмүүс бид бүгд л хөөрхийлөлтэй амьтад. Энэ талаар цөөн зүйлийг өгүүлье. Трамп хэн бүхний мэдэх содон жишээ болохоор л нэр дурдлаа. Гэхдээ түүнд сайн зүйл ч бас буй. Тэрээр уншчихад илүүдэхээргүй ном ч бичиж хэвлүүлсэн хүн... Хүмүүсийн (аль ч цаг үеийн) 5 хүрэхгүй хувь нь л манай дэлхийн өнгөрсөн түүх, замналыг аль нэгэн хэмжээнд мэддэг, мөн бас л 5 хүрэхгүй хувь нь дэлхийн хийгээд хүн төрөлхтний ирээдүйн талаар зөв мэдлэг, таамаглалтай байдаг. Үлдэх 90 гаруй хувь нь цаг хугацааны 100 хүрэхгүй жилийн хэрчмийн хүрээнд л мэдлэг, мэдээлэл, төсөөлөлтэй. Манай галактикийн, манай дэлхийн, нарны системийн үүссэн цаг үе, төрсөн он жилийг бид бүгд мэдэхгүй. Тэр битгий хэл бид өвөг дээдсээ ч мэдэхгүй. Сайндаа л хуланц, элэнцээ л мэднэ. Өвөө, элэнц өвөө, хуланц өвөө, ааваа л мэдэх төдий. Хуланц эмээ, элэнц эмээ, эмээгийнхээ нэрийг мэддэг хүн бүр цөөхөн...
Хүн үүссэн цагаас хойших өвөө, эмээ нарынхаа талаар ихийг мэддэг хүн нэг ч байхгүй. Нэр усыг нь битгий хэл тоог нь ч мэдэхгүй. Сүүлийн 800.000 жилийн хувьд гэхэд л бидний хэнд нь ч гэсэн наад зах нь л 32.000 орчим өвөө, мөн 32.000 орчим эмээ нар байх учиртай. Гэтэл хүмүүс зөвхөн сүүлчийн 3-4 өвөө, эмээ нараа л мэддэг.
Цаг хугацааны богинохоон хэрчимд “дэнгийн эрвээхэй мэт” амьдраад үхэж байгаа өчүүхэн амьтад шүү дээ, хүмүүс бид чинь! Дийлэнх олонхи маань ухамсар дорой... Хэний ч болов ясан төрлийн болон цусан төрлийн холбоо, хэлхээ тасраагүй болохоор л өнөөдөр бид байж байгаа юм. Хэзээ ч юм тасарчихсан бол тэндээ л цэг тавигдах байсан. Хүн төрөлхтөн бол бүгд нэг л анхдагч сүргийн хойч үе. Арьс өнгөний ялгаа, хэлний ялгаа, соёл, ёс заншлын ялгаа бүгд л хожуу хойно, 5 тивээр тархан амьдарсны улмаас л гарсан өөрчлөлт. Гэтэл бараг угсаатан нэг бүр л өөрсдийгөө бусдаас дээгүүрт тавьж, тэнгэр гаралтай, бурхдаас шилэгдсэн, гоц гаргууд ухаантай гэх мэтээр сурталчилдаг нь төөрөгдөл, солиорол. Өөрөөр нэрлэх аргагүй. Дэлхийгээр нэг тархаж, нэг нэгнээсээ удаан хугацаагаар хол байж олсон ялгаануудаа элдвээр үзэх, шашинжуулж үнэлэх нь зөөлрүүлж хэлэх аваас тэнэглэл, улстөрийн гэхээр шалтгаантай хуурамчлал юм.
Бидний хэрэглэдэг он тоолол бол зүгээр л тохиролцоо, зурхай бол шашин суртлын хавсарга, дагалдаж гарсан хуурамчлал. Цаг хугацааг хэмжих гэсэн ахуйн шаардлагаар л секунд, минут, цаг, хоног, сар, жил, 12 жилийн нэр, жаран, зуун гэх нэр, ойлголт буй болжээ.
Төр улс, шашин суртлууд буй болсноор дагалдаад хэдэн янзын он тоолол, түүхийн ухамсар, түүх бичлэг үүссэн байна. Цаг хугацааны тэнхлэг дээр нийтийн тооллын нэг оноос нааш нь, бас цааш нь тоолох аргачлал ч буй болжээ. Ингэж л хүн төрөлхтөн өөрийн гэсэн тоолол, цаг хугацааны баримжаа, дэлхий дахины түүхтэй болсон ажээ. Гэвч хүн төрөлхтөнг бүхлээр нь, хотлоор нь итгүүлж, дагуулж чадсан олон шашин угсран, дараалан гарч ирээд наад зах нь 5.000 орчим жил хүмүүсийн оюуны ертөнцийг эзэмдсэн сонин түүх бас буй болжээ. Шашин нэг бүрийн сул тал, инээдэмтэй ч гэж хэлж болохоор эмзэг тал нь хүмүүс бидний талаарх үзэл, сургаал юм. “Хүмүүс бид бурхдаар бүтээгдсэн, тэнгэрээс тэтгээстэй, зөв явбал бурхан болох, диваажинд төрөх, мөнх наслах, буруу явбал чөтгөр, шулам болох, халуун тамд унах нигууртай. Гаднах дүр, төрхийг маань бурхад өөрсөдтэйгөө төсөөтэй бүтээсэн. Хүнд мөнхийн сүнс буй. Иймээс хязгааргүй олон урд төрөл, мөн хязгааргүй олон хойд төрөл гэж байгаа. Хүмүүс бидний сүнс өчүүхэн ялаа шумуулаас эхлээд хүчирхэг том халим,, зааны биенд ч шилжин төрж байдаг. Гэгээнтнүүд, хутагтууд бол харин дараах төрөлдөө байнгад л хүн болж төрдөг. Тэдний хувьд ахин дахин төрөх нь бие болон хувцсаа л сольж буй хэрэг” гэхчилэн санваартнууд нүд анин, залбиран, алга хавсран өгүүлцгээдэг. Гэтэл энэ бүхэн нь өнгөрсөн урт түүхээр ер нотлогдсонгүй. Манай лам нар өнөөдөр ч гэсэн ингэж номлоод сууцгааж байгаа билээ.
Гайхахаас илүүтэй өрөвдмөөр гэнэхэн итгэл, сэтгэл юм шүү! Таван тивийн хүмүүс гарал, үүсэл нэгтэй, нэг л зүйлийн биологийн амьтан болохоо ухаарч ойлгосноор хүн төрөлхтөн хүмүүнлэг бус, бусармаг, бүдүүлэг зүйлүүдээсээ салж эхэлжээ.
Дэлхий дахинд нэгдмэл нэг соёл, зан суртахуун, олон улсын харилцааны хэм хэмжээ хэвшиж төлөвших болов. Эзэн – боол, эзэн – хамжлагын харилцаа тив бүхэнд устаж, үндэстэн улсууд бие биеэ даан хөгжиж эхэлжээ. Улс үндэстэн нэг бүр өнгөрсөн түүхээ таних, бичих оролдлого хийж, зарим нь ч нэлээд үнэний хувьтай түүхтэй болов. Лавлуулаад тухайн тивийн түүх, дэлхий дахины түүхийг ч мөн сонирхон судалж, бичиж эхэлсэн нь том дэвшил мөн байв. Одоо харин улстөр-цэрэг дайны зорилгоор өнгөрсөн түүх, бүр шинэ түүх, шинэхэн түүхээ гуйвуулж, засварлаж бичих, сурталчлах сөрөг үзэгдэл хөгшин Европод, мөн АНУ-д гарах болсон нь бидний нүдэн дээр л муу үр дагавар үүдсээр байна. Байгаль талаасаа их дулаарал, нийгэм талаасаа АНУ-ын төр, засгийн жанжлал, бусад олон сөрөг хүчин зүйл бүгд нийлж нэгдээд хөөрхий биднийг, хөөрхий дөө хүмүүсийг их түгшээх, зовоох төлөвтэй. Болгоомжтой, ухаалаг, алсын хараатай л байх юмсан даа!
Судлаач, профессор Д.Чулуунжав