Closed Cases | Цагдаагийн алба хаагчид хахууль өгсөн гэх CU-ийн ажилтанд 10 сарын хорих ял оноожээ


2025 оны дөрөвдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 31-р хороонд үйл ажиллагаа явуулдаг CU сүлжээний салбарт насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаа худалдсан гэх мэдээлэл иржээ. Дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалт явуулж, 21 настай Ө гэх хүүхдэд согтууруулах ундаа худалдаалсан үйлдлийг илрүүлсэн байна. Гэтэл тус салбарыг хариуцан ажиллуулдаг Б.Х гэх ажилтан энэхүү үйлдлийг нуух, торгуулахгүй, тусгай зөвшөөрлийг цуцлуулахгүй байх зорилгоор цагдаагийн алба хаагчдад 2,5 сая төгрөгийн хахууль өгсөн нь тогтоогдсон аж.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч цагдаагийн алба хаагч Б.Х, Э.Э нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч цагдаагийн албан хаагч Н.М-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 3 сарын хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, харин шүүгдэгч CU-н ажилтан А.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж 10 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэжээ.
Энэхүү хэрэг нь зөвхөн насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаа худалдаалсан үйлдлийг нуух гэж хахууль өгсөн гэдэг утгаараа ноцтой төдийгүй, төрийн албанд ажиллаж буй албан тушаалтнуудын хууль, ёс зүй, хариуцлагын асуудлыг илчилж байна. Төрийн албанд хэн ч хуульд дээгүүр гарах эрхгүй гэдгийг энэхүү шийдвэр тод харуулж, иргэдэд хууль дээдлэх зарчмыг сануулж байна.





скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen