Автобусны буудлын орчимд бусдыг хутгалаад зугтжээ

Тодруулбал, автобусны буудал дээр иргэдийн хооронд маргаан үүсч, “манай найзын толгой руу хутгалчхаад автомашинтай зугтчихлаа” гэх дуудлага, мэдээлэл энэ оны 4 дүгээр сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Уг мэдээллийн дагуу нэр бүхий иргэн нь “Toyota Prius 30” маркийн автомашинтайгаар хохирогчийг зам дээр шахаж зогсоон, маргалдсаны улмаас толгой тус газарт нь хутгаар зүсэж, хэргийн газраас зугтсан гэх урьдчилсан нөхцөл байдал тогтоогдоод байна.
Цагдаагийн байгууллагын алба хаагчид уг этгээдийг шуурхай олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Иймд иргэд та бүхэн өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, бусадтай таарамжгүй харилцаа үүсгэхээс сэргийлэхийг анхааруулж байна. Мөн ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдгийг анхааруулж байна.