УИХ-ын нэр бүхий гишүүдийн гэр бүлийнхэн гадаадын хөрөнгө оруулалттай компанийн 62 сая ам.долларыг завшсан уу?



Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр Улсын их хурлын нэр бүхий гишүүд болон тэдний гэр бүлийнхэн гадны хөрөнгө оруулалттай компанийн хөрөнгийг завшсан гэх ноцтой мэдээлэл тархаж эхэллээ. Тодруулбал, Улсын их хурлын гишүүн Пунсалмаа, түүний нөхөр Р.Батбаяр, мөн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр нар Бүгд найрамдах хятад ард улсын хөрөнгө оруулалттай “Шинжиан Шинфа” компанийн хөрөнгийг завшсан гэх асуудлыг “НУУЦ МАТЕРИАЛУУД” нэвтрүүлгээр ил болгосон бөгөөд хуулийн байгууллагууд нэр бүхий албан тушаалтнуудын гэр бүлийнхэн болон хамаарал бүхий этгээдүүдийг хамтатган шалгаж эхэлжээ.
Энэ хэрэгт холбогдож буй санхүүгийн баримт тун тодорхой байна. Пунсалмаагийн нөхөр Р.Батбаярын гарын үсэгтэй зургаан удаагийн гүйлгээний нийт дүн зургаа аравны найман тэрбум төгрөг бөгөөд эдгээр мөнгө Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Бат-Амгалангийн төрсөн дүүгийн эхнэр Энхмаагийн эзэмшлийн “Би Эй Ти девелопмент партнерс” компанийн данс руу шилжсэн нь тогтоогдсон байна. Энэ үйлдлээр Бүгд найрамдах хятад ард улсын Сүн Гуанчений эзэмшлийн “Шинжиан Шинфа” компани асар их хохирол амссан бөгөөд “М Ойл”, “Хос мөнгөн зам”, “Би Эй Ти девелопмент партнер” зэрэг компаниудын санхүүгийн хамаарал нь ил болжээ.
УИХ-ын гишүүн Пунсалмаа цахим хуудсаараа дамжуулан, “Манай компанийн оролцоотойгоор Монгол Улсад найман зуун дөчин км зам тавигдсан нь үнэн. Гэвч саар мууг зөвхөн надад тохож байгаа нь зохисгүй” гэж байр сууриа илэрхийлсэн бол сайд Бат-Амгалан мөн цахим хуудсаар дамжуулан, “Манай гэр бүлийнхэн, тухайн гишүүнтэй ямар ч бизнесийн холбоо, хамтын ажиллагаа байхгүй. Пунсалмаа гишүүнтэй зөвхөн мэндийн харилцаатай” гэж мэдэгдсэн ч эх сурвалжуудын мэдээлж буйгаар уг хэрэг зөвхөн гэр бүлийн харилцааны түвшинд биш, гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгийг завшсан томоохон гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэсэн таамгийг бий болгож байна.
Энэхүү хэрэгтэй холбоотойгоор “Шинжиан Шинфа” компанийн захирал Сун Гуанчен хоёр мянга хорин гурван оны арван хоёрдугаар сард цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, авто зам барих гэрээгээр тохиролцсон жаран хоёр сая ам.долларыг бусдад залилуулсан хэмээн мэдэгдсэн. Эрүүгийн цагдаагийн албанаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд мөрдөгч гурван удаа хэргийг хаах санал прокурорт ирүүлсэн бөгөөд Нийслэлийн прокурорын газраас хоёр мянга хорин таван оны есдүгээр сард “гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой, эд хөрөнгийн маргаан” гэж үзэн хэргийг хааж шийдвэрлэсэн юм. Хэрэгт холбогдогч талууд иргэний журмаар шүүхэд хандах эрхтэй гэдгийг прокурор тодотгожээ.
Үйл явдлыг эргэн сануулахад, хоёр мянга арван таван онд Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас нуур хүртэлх зуун гучин тав аравны таван километр авто замыг наян зургаа аравны таван сая долларын өртөгтэйгээр Улсын их хурлын гишүүн Пунсалмаагийн эзэмшлийн “Хос мөнгөн зам” компани, Засгийн газартай концессийн гэрээ байгуулан хэрэгжүүлсэн бөгөөд уг төсөлд “Хос мөнгөн зам” компани дөрвөн хувийн хөрөнгө оруулалт оруулж, “Шинжиан Шинфа” компани ерэн зургаан хувийг өөрсдөө гаргасан. Гэрээнд хоёр мянга хорь, хоёр мянга хорин нэгэн онд санхүүжилт шилжихээр тусгасан ч мөнгийг “Хос мөнгөн зам” компани руу шилжүүлэн авч, хятад хөрөнгө оруулагчийг хохироосон байж болзошгүй байдал илэрчээ.
Хоёр мянга арван есөн онд зуун гучин тав аравны таван километр замыг бүрэн хүлээлгэн өгсөн ч төлбөр нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй, гүйцэтгэгч компани “Шинжиан Шинфа” дампуурахад ойрхон байгаагаа анхааруулж, асуудлыг шийдвэрлэхийг хичээнгүйлэн хүсчээ. Үүнээс гадна албан бус эх сурвалжийн мэдээлснээр Сун Гуанчаныг эрх чөлөөнд нь халдан, гарын үсэг зуруулахыг хүчээр шаардаж, концессын гэрээнээс татгалзуулахыг шахсан үйлдлийг нэр бүхий томоохон улстөрч, өндөр албан тушаалтнуудын оролцоотойгоор хийсэн гэх мэдээлэл байгаа юм.
“Шинжиан Шинфа” компани нь хоёр мянга найман оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, барилгын засвар, авто замын чиглэлээр ажилладаг компани бөгөөд хоёр мянга арван хоёроос хоёр мянга арван таван онд Улаангом-Хяргас нуур, хоёр мянга арван таван онд Сонгино-Хяргас нуур чиглэлийн замыг улсын комиссоор хүлээлгэн өгсөн. Хоёр мянга арван зургаагаас хоёр мянга арван найман онд Алтай-Баянхонгор, Улаангом-Наранбулаг, Баянхонгор-Алтай чиглэлийн зуун хорин найман километр авто замыг гүйцэтгэсэн ба Монголд ажиллах хүчний зөвшөөрөл авч, гадаадын мэргэжилтнүүдийг ажиллуулсан байдаг.
Энэ бүх үйл явдал нь зөвхөн гэр бүлийн харилцааны асуудал биш, Монгол Улсад хөрөнгө оруулалт татах, гадаадын хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах, улс төрийн ёс зүй, бизнесийн хариуцлагыг шалгах ёстой ноцтой асуудал болж байна. Хоёр мянга арван есөн оноос эхэлсэн дарамт, концессын гэрээнээс татгалзуулах шахалт, гарын үсэг хүчээр зуруулах ажиллагаа нь гадаадын хөрөнгө оруулагчдын эрхийг ноцтой зөрчиж, Монголд хөрөнгө оруулалт татах боломжийг бууруулж байна.
Ийнхүү Монголын улс төрд хөгжлийг авчирна гэж ам гардаг эрхмүүд өөрийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгийг завших үйлдэл нь зөвхөн хуулийн байгууллагын анхаарлыг татаж байгаа төдийгүй, улс төр, бизнесийн ёс зүйн ноцтой зөрчлийг илчилж байна.

Б.Зул
www.BOLOD.mn



скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen