Майкл Жексоны тухай кино дээд амжилт тогтоожээ
ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kazinform/. Попын хаан, домогт дуучин Майкл Жексоны хувийн амьдралтай холбоотой шүүмжлэл, маргаан үргэлжилсээр байгаа хэдий ч түүний тухай намтарчилсан кино нээлт хийсэн даруйдаа олсон орлогоороо рекорд тогтоожээ.
"Майкл" кино дэлхий даяар 217.4 сая ам.долларын орлого олсон байна. "Lionsgate" студийн мэдээлснээр, үүнээс 97 сая ам.доллар нь АНУ болон Канадын зах зээлээс цуглуулсан мөнгө юм.
Уг кино уран бүтээлчдийн тухай намтарчилсан кинонуудын нээлтийн орлогоор шинэ дээд амжилт тогтоож, өмнө нь орлогоороо тэргүүлж байсан "Straight Outta Compton" болон "Bohemian Rhapsody" кинонуудыг гүйцсэн байна.
Олон улсын зах зээлийн ихэнхэд нь киноны прокатыг "Universal Pictures" компани хариуцан ажиллажээ. Энэхүү төсөл нь "Lionsgate" студийн хувьд хамгийн эрсдэлтэй алхмуудын нэг болжээ.
Бэлгийн хүчирхийлэлд буруутгагдсанаас үүдэн алдарт дуучин Жексон хувь хүнийхээ хувьд маргаан дагуулсан хэвээр байгаа бөгөөд уран бүтээлч өөрөө ийм хэрэгт буруутгасныг няцааж байсан билээ. 2005 онд тэрбээр шүүхээр цагаатгагдсан юм. Энэхүү кино нь уран бүтээлчийн гэр бүлийнхний дунд мөн маргаан дагуулжээ. Тухайлбал, Жанет Жексон зураг авалтад оролцоогүй бол дуучны охин Пэрис Жексон уг бүтээлийг нэлээд шүүмжилсэн байна. Киноны гол дүрийг дуучны ууган ахынх нь хүү Жаафар Жексон бүтээжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг