Жанрайсагийн сүүдэр дор мартагдсан үнэн
2025 оны тавдугаар сард Тайландын нийслэл Бангкок хотын Клонг Тоэй дүүргийн Сукхумвит 24 дэх өндөр орон сууцны 17 давхраас Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.Орхон унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан нь олон нийтийг цочроосон билээ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам уг хэрэг тодорхой тайлбар, ил тод мэдээлэлгүйгээр бүдгэрч, чимээгүйхэн мартагдах зам руу орсон нь харин ч илүү олон асуулт, хардлага, эргэлзээг дагуулж байна.
Хүний амь настай холбоотой ийм ноцтой хэрэгт албан ёсны, нэгдсэн, ойлгомжтой тайлбар өгөх нь төрийн үүрэг. Гэтэл өнөөдрийг хүртэл мөрдөн шалгах ажиллагааны явц, дүгнэлт, хариуцлагын асуудал тодорхой бус хэвээр байна. Энэ нь зөвхөн нэг гэр бүлийн эмгэнэл бус, Монгол Улсын нэр хүнд, төрийн албаны ёс зүй, хариуцлагын асуудал болон хувирсан.
Ийм нөхцөл байдал үргэлжилж байхад Элчин сайд А.Төмөр Тайландад Жанрайсаг бурхан бүтээлгэж, сүсэг бишрэлийн үйл ажиллагаа зохион байгуулж буй нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж эхэллээ. Нэг талаас нь харвал буян номын ажил, шашин соёлын үйл хэрэг мэт. Гэвч нөгөө талаас нь харвал үнэн, хариуцлага, шударга ёсны асуудал тодорхойгүй байхад ийнхүү сүсэг бишрэлийн арга хэмжээ зохион байгуулж буй нь ёс зүйн хувьд зохимжтой юу гэх асуулт гарч ирнэ.
Нийгэмд “нүгэл ихтийн сүсэг их” гэх үг бий. Сүсэг бишрэл өөрөө буруу биш. Харин сүсэг нь үнэнээс зугтах халхавч болж хувирвал тэр нь ёс суртахууны асуудал болно. Шашин номын үйл ажиллагаа нь хариуцлагаас бултах хэрэгсэл биш, харин өөрийгөө эргэцүүлж, үнэнтэй нүүр тулах дотоод зоригийн эхлэл байх ёстой.
Хамгийн анхаарал татаж буй зүйл бол ийм ноцтой хэрэгтэй нэр холбогдсон өндөр албан тушаалтан өнөөдрийг хүртэл албан үүргээ хэвийн үргэлжлүүлж буй явдал. Олон улсын жишгээр бол мөрдөн шалгах ажиллагаа бүрэн, хараат бус явагдаж, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх үүднээс тухайн албан тушаалтан тодорхой хугацаанд үүргээсээ чөлөөлөгдөх нь элбэг. Энэ нь буруутайг нь тогтоохоос өмнө яллах гэсэн хэрэг бус, харин шалгалтыг ил тод, хараат бус байлгах соёлын илэрхийлэл юм.
Гэвч манайд ийм алхам хийгдээгүй нь иргэдийн итгэлийг сулруулж, “төр өөрийнхнийгөө хамгаалдаг” гэх хардлагыг улам баталгаажуулах шиг. Үнэн тодрохгүй удвал хардлага өсдөг. Харин хардлага өсөх тусам төрийн нэр хүнд буурдаг.
Өнөөдөр Тайландад Жанрайсагийн дүр сүндэрлэж байж магадгүй. Гэвч Монголын төрийн нэр хүнд, иргэдийн шударга ёсонд итгэх итгэл хаана сөхөрч байгааг хэн тайлбарлах вэ? Нэг хүний амь насны асуудал бол статистик биш, албан бичгийн мөр биш — энэ бол амьдрал, гэр бүл, эмгэнэл.
Төрд зүтгэж буй хүн юуны өмнө шударга ёсны өмнө зогсох учиртай. Ил тод байдал, хариуцлага, ёс зүй гурвын аль нэг нь дутвал төрийн сэнтий ганхдаг. Харин өнөөдөр асуулт үлдэж, хариулт алга. Чимээгүй байдал бол тайлбар биш.
Жанрайсаг босож болно. Харин үнэн босох уу?
П.Самдан
www.BOLOD.mn
www.BOLOD.mn