Хоёрдол
Элдвийг ярьж үүр цайлгасан тэр шөнө дүү бид хоёрт “шөнө” гэхэд дэндүү гэрэл гэгээтэй, өнгөлөг өнгөрлөө. Одоо бодоход гунигтай сэдвүүд ар араасаа цувж, хоолой зангирч, аньсага чийгтэж байсан л санагдах юм. Хэн хэнийхээ сайн найз, урамтай сонсогч нь байдаг бидний насны зөрүү ердөө хоёр...Гэтэл тэр орой хорин настай дүү маань гучин настай эгч шиг л ярьж байсан даг. Хамт нүүрээ цэвэрлэнгээ угаалгын өрөөнөөс бараг чарлах шахам эхэлж унтлагын өрөөнд шивнэж дууссан ярианы ихэнхийг дүү л ярив. Уг нь ярианы сэдэв багшдаа загнуулсан миний тухай л байсан. Гэвч түүний хариу үг, үйлдэл бодсоноос өөр. “Та ч гоё юмаа, багшдаа загнуулаад л” гэж атаархах мэт, эсвэл бүр хүсэх мэт өнгөөр хэлэхэд нь би гайхна. Гайхсан ч түүнийгээ дотроо л хадгаллаа. Цагийн ажлын хөлс маань юунд ч хүрэхгүй байгааг гомдоллон ярьтал “ажиллах яагаад ийм гоё юм болоо” гэж юунд ч юм шанална. Ажил хийх боломжгүйг нь би мэдэж байгаа учраас элдэв юм хэлэх нь илүүц санагдаж, үнэндээ үг ч олдсонгүй.
Түүнд би хааяа ч гэсэн муу харагддаггүй бололтой. “Та одоо хүссэн бүх зүйлээ хийж яваа. Хар мянган сонголт дундаас яг сонирхлоо олдог, тэгээд бүр чаддаг байна гэдэг чухал” гээд л...Угтаа дүүгийн ярих зүйл миний бүх зүйл дээр түшиглэж байсныг анзаарав. Гол нь бид хоёр дэндүү ялгаатай байсан юм. Гэхдээ яагаад?
Энэ миний их сургуулийн дөрөв дэх хавар. Залуу насны мөрөөдөл, зорилгын уулзвар цэгт дөрвөн удаа дэвшиж, дадлагажих боломж гурван удаа олдож, мэргэжилдээ хоёргүй сэтгэлээр хандсаныхаа хүчинд би сонголтдоо нэгэнт батажсан. Тиймээс дийлэнх цаг хугацаа минь сургууль дээр өнгөрдөг. Гэтэл тэр дөнгөж сурч эхэлж байгаа. Сурахаас гадна есөн зүйлийн юманд хүчээ үзэж, заримд нь цаг хугацаа, энергиэ алдсан ч үе бий. Харин тэр шөнө эрч хүчтэй, цоглог, цэлмэг ухаантай дүүгээ хэзээнээс ийм хүнд үг, хүйтэн бодлын жинд дарагдчихав гэж л дотроо ухав. Үргэлж амнаас нь урамгүй, итгэлгүй үгс гарч үеийнхнээ яаж яваагаа гайхаж, өөрийгөө ийм байгаад гутарч байлаа. Ямар сайндаа л бараг залуу нас нь дуусах гэж байгаа аятай хээвнэг ярьсанд нь гучин настай хүнтэй зүйрлэх вэ дээ.
Басхүү олон зүйл ярьсныхаа араас гэнэт чихэнд нь хүн шивнэчихсэн аятай “тийм байна шүү дээ” гэж орилов. Угсруулаад “Би олчихлоо, дуртай зүйлээ хийж, амьдарсан шиг амьдармаар байна” гэлээ. Чухам л дуртай юмаа хийгээд дуралсан сургуульдаа ороод сэтгэл амар байгаа даа гэж бодсон маань буруу байжээ. “Би энэ үгийг л хайсан байна. Хүн дуртай юмаа хийж л амьдарсан шиг амьдрах юм байна. Би одоо хүссэн газраа, дуртай юмнаасаа хол байгаа юм чинь өдөр хоногууд утгагүй санагдаад байсан нь аргагүй юм бишүү” гэж нэг их хөөрхөн жаахан охин шиг хэлэв. Амьхандаа эгчээрээ “тэр сургуулиа орхичих юмуу” гэж аргадаж хэлүүлэхийг хүссэн байх. Ингэж хэлэх нь байтугай бодож ч үзээгүй надад амьдралын зөвлөгөө өгөх, аятайхан үг хэлж ятгах аль нь ч зохимжгүй санагдсан тул дуугүй л сонсож, бидний яриа дууссан юм.
Буцах өдөр хэдийнээ иржээ. Учир нь дүүгийн өвлийн амралт дууссан. Хятад улс, Наньжин хот. Түүний амьдарч, сурч буй газар. Гаргаж өгөхөөр төмөр замын буудал дээр иртэл “гурав шүү дээ бүр гурав дахь удаа явах гэж байна. Хамаагүй дээр байна” гэж хоёр ч удаа хэллээ. Галт тэрэгний 13-р хаалганы үүд, 16:37 минут. Ганц сайн тэврээд “сайн яваарай” гэхэд “би явахгүй байж болохгүй юм уу” гэж хэлсэн юм шиг хэлж зүрхлээгүй дүрлэгэр алаг нүд над руу ширтэнэ. Үг хүлээсэн хүнд “эрдэм өвөртлөөд ирээ, хоолоо сайн иднэ шүү” гээд оруулав. Жаахан гунигтай ч түүний төлөө инээн, гараа даллах л чухал.
Хүсэж яваад байна уу, хүчилж яваад байна уу би ялгаж чадаагүй ч ногоон цуваа далд орох үед багшдаа загнуулахад минь тэгж их баярлаж, ажиллах сайхан гэж социалист хүн шиг яриад байсан дүүгийнхээ юу хэлэх гээд байсан учрыг сая л нэг ойлгов. Хичээгээд ч ойлгож барахгүй байгаа харь хэлтэй багшдаа яаж л зэмлүүлж үзэх билээ дээ. Уруу царайлав. Мөнгөгүй бол хэн ч биш энэ цагт хааяа ч гэсэн ээж, ааваа холгохгүй, мөнгө олдог байхыг Хятадад сурдаг оюутан хүсэх л байлгүй. Адилхан оюутан надаас ч хаа нэг мөнгө асуухад байхгүй гэж хэлж үзээгүй би их баян хүн байна шүү дээ. Мишээл тодров. Ингээд бодоход би үнэхээр л хангалуун амьдарч байж. Зэмлэл нь хүртэл сургамж шингээстэй багшийнхаа үгэнд сэхэлгүй явж, гудайхгүй алхаж байгаа минь үнэн. Хааяа нэг хэтэрчих гээд байвал тусдаа уулзаж байгаад нэг сайхан загначхаасай билээ гэж боддог нь ч үнэн. Намайг хэн л харав гэж хааяа нэг хэнэггүй гадуур гарахдаа дассан газартаа тухтай болохоор л тийм байж. Гэтэл хаа байсан Хятадад байгаа тэр минь “энэ ямар цамц байна” гэж асуухдаа “энд Монгол хүн шиг гоё хувцасладаг хүн байхгүй. Би дөрвөн хүүхэдтэй семинарт ч гангалаад очих дуртай” гэдэгсэн. Хаана амьдарч байгаагаар бус хаана “харьяалагддаг” гэдгээр нь тодорхойлох харийн улс түүнийг “гоё байх ёстой” гэсэн жижигхэн соёлд нэвчүүлж. Ганц амралтаа ашиглаж түргэхэн ирдэг дүүгээ гэр бүл, хайртай хүмүүсээ санасандаа яардаг л гэж бодохоос хэтэрдэггүй байж. “Цонхоо нээчихье. Агаар оруулахгүй бол хүн бодож чаддаггүй юм” гэж тэр нэг удаа хэлж байсан юм. Одоо бодоход тэр арай өөр зүйлийн талаар ярьж байсан юм шиг санагдана.
Дүүтэй минь хамт байгаа найзууд нь их дэлгүүрээр хэсэхдээ өөрсдийгөө Солонгос хүн гэж их ярьдаг гэхэд учрыг асуувал “Монгол гэвэл бараг мэдэхгүй ээ, Солонгос хүн гэж хэлбэл бидэнтэй харилцах хандлага нь арай өөр болоод явчихна” гэж боддог гэнэ. Харин түүний бодол эсрэг аж. “Монголчууд ийм царайлаг, монгол хоол их амттай монголчууд өөртөө их анхаарал тавьдаг, монголчуудын үнэр гоё. Ийм бодолтой хүн бусдыг өөрийг нь хэрхэн харахад нөлөөлж чаддаг бололтой. Намайг яг миний боддог шиг л хүмүүс харж хэлдэг. Ганц, хоёр гадаад найзууддаа орчуулгын апплекэйшн ашиглаад ч хамаагүй тансаг бүхэн тэнд багатдаг гэдгийг хэлэх дуртай” гэнэ. Ийн ярьсан, гайхуулсан бүхэн нь бодогдож дэмий л тэнд зогсож байлаа.
Тэр биеэрээ хол явсан ч сэтгэл нь эндээ, бидний дунд үлдчихсэн мэт санагдаж билээ. Хятадад байхдаа Монголыг л чөлөө, зайгүй ярьдаг дүүгээ энд ирээд Хятадыг л ярина гэж боддог байсан. Гагцхүү хаана ч түүний дуртай сэдэв эх орон, улсын нийслэл маань юмсанж.
Гадагшаа явчихвал бүх зүйл аяндаа сайхан болно гэсэн төсөөлөл ихэнх хүмүүсийн толгойд бий. Гэвч энэ нь бодит байдал дээр хүний сэтгэлийг сорьсон амаргүй зүйл байх нь олон. Харин зарим нь монголдоо дуртай зүйлээ хийж бусдаас “сугараад” ч хамаагүй өөрийн амьдралыг бүтээх чин хүсэлтэй байдаг. Ядуу улс гэх явцуу утгаар дарагдсан бидний монгол эргээд нэг харвал энэ их эрх чөлөө ганцхан биднийх...
Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн Сэтгүүл зүйн IV ангийн оюутан Д.ДЭРЭМ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 72 (7814)