Хүн биш систем ажилладаг байж хүний эрх бүрэн хангагдана


Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид болон тус Комиссын гишүүдтэй уулзаж, хууль зүй, дотоод хэргийн салбар дахь хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийн талаар санал солилцлоо.
Хүний эрхийг хангах, хамгаалах нь нэг хүн, нэг байгууллага, нэг салбарын хүрээний асуудал биш. Энэ бол төрийн бүх шатны байгууллага, нийт нийгмийн хамтын хариуцлага, бүх нийтийн үйл хэрэг юм.
Миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд хэрэг бүртгэх, мөрдөн шалгах, шүүхийн шинжилгээ, ял эдлүүлэх, шүүхээр шийдвэрлэх, хил хамгаалах, дотоодын цэрэг, гадаадын иргэн харьяатын асуудал, шүүх эрх мэдлийн бодлого, Үндсэн хууль болон бусад хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд цогц эрх зүйн реформыг хэрэгжүүлж, иргэн бүрийн зөрчигдсөн эрхийг хамгаалдаг, хүний эрхийг бүх шатанд дээдэлдэг тогтолцоог бэхжүүлэхэд төвлөрч ажиллана.
Ийм учраас албан ёсны анхны уулзалтаа Хүний эрхийн үндэсний комиссоос эхлүүлж байна.
Өнөөдөр хууль зүйн салбарт хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн, олон улсын их, дээд сургууль, байгууллагад суралцаж, мэдлэг, туршлага хуримтлуулсан 700 гаруй албан хаагч ажиллаж байна. Чадварлаг нөөцийг бодлогоор дэмжиж,чадавхыг бэхжүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, сурсан мэдсэн туршлагыг салбар дотроо түгээн дэлгэрүүлэх, мэдлэг ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх замаар хүний эрхийг хамгаалсан, тогтвортой тогтолцоог бэхжүүлнэ.
Хүний эрхийн үндэсний комисст ирж буй өргөдөл, гомдол, мэдээллийн 70 орчим хувь нь хууль, шүүх, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байгаа нь энэ салбарт хүний эрхийн зөрчил, эрсдэл хамгийн өндөр байгааг харуулж байна. Энэ байдлыг засаж, залруулах нь өнөөдрийн хамгийн чухал зорилт мөн.
Иймд Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар бүрэн цахимжуулж, хүнээс хамаарал багатай, системд суурилсан, ил тод, шуурхай, хариуцлагатай нэгдсэн удирдлагын тогтолцоог бүрдүүлнэ. Энэ хүрээнд эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, олон улсын түншүүдтэй нягт хамтран ажиллаж, мэдлэг, туршлагыг нэгтгэнэ.
Учир нь хүний эрхийг хамгаалах хамгийн баталгаатай үндэс нь хувь хүний үзэмж бус, хуулийн дагуу ажилладаг шударга тогтолцоо юм.
Мөн хүний эрхтэй холбоотой хуулиас давсан, давхардсан, хийдэлтэй дүрэм, журмуудыг цэгцэлж, хууль хүн бүрд тэгш үйлчилдэг орчныг бэхжүүлнэ.
Ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хангах асуудалд бодлого, үйл ажиллагааныхаа онцгой чиглэлийг төвлөрүүлж ажиллана.
Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Дотоодын цэрэг, Улсын бүртгэлийн ерөнхий газартай холбоотой олон нийтийн гомдол, мэдээллийн дийлэнх нь хүний эрхийн зөрчилтэй холбоотой байгааг анхаарч ажиллаж байна.
Иймээс ойрын хугацаанд эдгээр байгууллагын удирдлагад зөрчил, дутагдлыг арилгах тодорхой хугацаатай үүрэг, чиглэл өгч, хэрэгжилтэд нь хатуу хяналт тавьж ажиллана.
Уулзалтын үеэр Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гишүүд Комиссын илтгэл болон Улсын Их Хурлын 77 дугаар тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгааг онцолж, цаашид хэрэгжилтийг бодитоор хангахад онцгой анхаарч, нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо сул байгааг, иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг бодитоор хангах шаардлагатайг онцолсон.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд хүний эрхийг дээдэлдэг, хамгаалдаг, төрийн үйлчилгээ нь иргэн төвтэй, хуульд захирагддаг байх зарчмыг тууштай баримталж, Хүний эрхийн үндэсний комисстой нягт хамтран ажиллана. Мөн Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг байгуулахдаа ялгаварлан гадуурхахгүй, тэгш хүртээмжтэй байх зарчмыг чанд баримталж, холбогдох шатны байгууллагад зохих саналаа хүргүүлнэ.
Хүний эрхийг уриагаар бус тогтолцооны өөрчлөлтөөр хамгаална.
Хүнээс хамаардаг бус, системээр ажилладаг эрх зүйн орчныг бэхжүүлж байж хүний эрх бүрэн хангагдана.

скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen