Тогтворгүй төрийн тогтмол хохирол "Байгаль орчны салбар"-т

Сүүлийн жилүүдэд төрийн бодлогын тогтвортой байдал алдагдаж буйг хамгийн тод харуулж буй салбарын нэг нь байгаль орчин болжээ. Онолын хувьд бид төрийн албанд мэргэжлийн, мэргэшсэн хүмүүсийн үүрэг ямар чухал болохыг мэддэг. Гэвч бодит амьдрал дээр энэ зарчим хангалттай хэрэгжихгүй байгааг нуух аргагүй.
Энэ бол зүгээр нэг хийсвэр дүгнэлт биш. Байгаль орчны салбарт олон жил ажиллаж, үе үеийн сайд, удирдлагуудтай хамтран ажиллаж байгаа хүний хувьд хэн нь ямар бодлого авчирч, юуг хэрэгжүүлж чадсан, бас юуг дутуу орхисныг сайн мэднэ.Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Засгийн газрын түвшинд бодлогын тууштай, мэргэжлийн зөвлөмж өгч чиглүүлэх институц сул байсаар иржээ. Үүн дээр нэмээд сайд, удирдлагууд ойр ойрхон солигдож байгаа нь бодлогын залгамж чанарыг тасалдуулж, урт хугацааны хөтөлбөрүүдийг дундаас нь орхиход хүргэж байна. Судалгаагаар нэг сайдын дундаж ажиллах хугацаа ердөө 1.5–2 жил байгаа нь бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг нь харахад илт хангалтгүй хугацаа юм.
Гэтэл байгаль орчны салбар бол богино хугацаанд “үр дүн” гаргадаггүй. Энэ салбар урт хугацааны судалгаа, тууштай бодлого, тогтвортой удирдлага шаарддаг. Харин улс төрийн томилгоо давамгайлах үед удирдлага солигдох бүрт өмнөх бодлого үгүйсгэгдэж, бүх зүйл шинээр эхэлдэг нь бараг хэвийн үзэгдэл мэт болсон.Үүний сөрөг нөлөө аль хэдийн бодит байдал дээр илэрч байнаа. Тухайлбал:
Монгол орны нийт газар нутгийн 76 орчим хувь нь цөлжилт, газрын доройтолд тодорхой хэмжээгээр өртсөн бөгөөд үүнээс 23 хувь нь хүчтэй, маш хүчтэй доройтолд орсон байна. Жил бүр дунджаар 6–7 мянган га бэлчээр доройтож байгаа нь байгалийн ургамлаас “бэлчээр” хамаардаг мал аж ахуйн тогтвортой байдалд шууд заналхийлж байна. Ийм үед “зүгээр л сөрөөд тэс” гээд сууж байх нь зөв үү? Агаарын бохирдлын хувьд, жишээ нь Улаанбаатар хот өвлийн улиралд дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын нэг хэвээр байна. PM2.5 тоосонцрын агууламж ДЭМБ-ын зөвлөмжид заасан хэмжээнээс 10–20 дахин давж, зарим өдрүүдэд 200–300 мкг/м³ хүрдэг нь хүн амын эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлж байгааг мэдсээр байж эрүүл мэндийн даатгалын систем нь хүндээ ээлгүй, хог хаягдал нь хүрээлэн байгаа орчинд аюултай хэвээрээ цаашдаа хэдэн он хүртэл ингэж салгалах вэ? Монгол Улсад нэг хүнд ногдох усны нөөц урт хугацаанд буурах хандлагатай бөгөөд хүн амын төвлөрөл, уул уурхай, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр усны дарамт нэмэгдэж байна (World Bank, 2020; Asian Development Bank, 2019; UNDP, 2021). Нийслэл болон томоохон суурин газруудад газрын доорх усны түвшин жилд дунджаар 0.3–1.0 метрээр буурч, зарим бүс нутагт усны хомсдол бодит эрсдэл болоод байна (БОАЖЯ, 2020). Усны нөөцийн хувьд, Монгол Улсын нэг хүнд ногдох усны нөөц сүүлийн 30 жилд ойролцоогоор 30–40 хувиар буурсан гэж тооцогдож байна. Нийслэл болон томоохон суурин газруудад газрын доорх усны түвшин жилд дунджаар 0.3–1.0 метрээр буурч, зарим бүс нутагт усны хомсдол бодит эрсдэл болоод байна.
Ийм нөхцөлд олон улсын томоохон хэлэлцээр, уулзалтад Монгол Улс тогтвортой, итгэлтэй байр суурь илэрхийлэхэд хүндрэлтэй болдог. Учир нь бодлогын залгамж чанаргүй, мэргэжлийн институц сул байх нь Байгаль орчны гадаад хамтын ажиллагаанд хүртэл сөргөөр нөлөөлж эхэлж байна. Жишээлбэл, 2022 оноос эхлэн дэлхийн улс орнууд Биологийн олон янз байдлын бодлого, стратегиа шинэчилж, илүү бодит, байгальд суурилсан шийдэлд шилжиж байхад манай улс энэ асуудлыг бодлогын түвшинд хангалттай авч үзэхгүй, хойшлуулж байгаа нь харамсалтай. Төрд мэргэжлийн хүн хэрэгтэй гэдэг нь зөвхөн ажлыг “сайн явуулах” тухай ойлголт биш. Энэ нь бодлогын тогтвортой байдлыг хангах, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, төрийн институцийн ой санамжийг хадгалах, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх үндэс болдог. Эцэст нь хэлэхэд, төрийн алба бол улс төрийн туршилтын талбар биш. Энэ бол мэргэжлийн, тогтвортой институц байх ёстой. Ялангуяа байгаль орчин шиг урт хугацааны бодлого шаарддаг салбарт энэ зарчим хэрэгжихгүй бол өнөөдрийн алдаа маргааш биднээс хэд дахин өндөр үнэ нэхсэн хохирол болон эргэж ирнэ.Биологийн ухааны доктор С.Баярхүү тэрлэв.
Зурагт зөвхөн өөрийн ажиллаж байгаа хугацааны Сайд нарыг буулгав.