МҮБХ-ны ээлжит “Их эе” хурал тавдугаар сарын 15-нд болно

Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит аравдугаар “Их эе” хурал тавдугаар сарын 15-ны баасан гарагтМонгол бөхийн өргөөнд зохион байгуулагдахаар товлогджээ.
Анхны “Их эе” хурал 1990 оны дөрөвдүгээр сард болсон бөгөөд уг хурал нь дөрвөн жил тутамд болдгоороо онцлог. Энэ удаагийн хурлаар улсын заан цолтноос дээш цолтой бөхчүүд, 21 аймгийн салбар холбоод, аймаг бүрээс сонгогдсон төлөөлөгчид, мөн Жаяг дэгийн багийн төлөөлөл оролцсон 255 хүртэлх төлөөлөгч чуулна.
Ташрамд дурдахад, МҮБХ-ны есдүгээр “Их эе” хурал дөрвөн жилийн өмнөх яг энэ өдөр хуралдаж байсан юм. Тус хурлаар МҮБХ-ны тэргүүнд улсын заан Ц.Магалжав, улсын начин Б.Одхүү нар нэр дэвшсэн ч Б.Одхүү нэрээ татсанаар санал хураалт үргэлжилсэн байдаг. Ингээд санал хураалтад оролцсон 134 төлөөлөгчийн 132 нь буюу 98.5 хувийн саналаар улсын заан Ц.Магалжав МҮБХ-ны тэргүүнээр сонгогдож байв.
Мөн есдүгээр “Их эе” хурлаар МҮБХ дүрэмдээ өөрчлөлт оруулж, Цэцдийн зөвлөлийг татан буулгаж, оронд нь Бөхийн барилдааны зөвлөл, Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийг шинээр байгуулсан нь холбооны үйл ажиллагаанд чухал өөрчлөлт болсон юм.
Ч.Юмчирдулам