6.5 тэрбум төгрөгийн төсөвтэй, ердөө 4 ширхэг дрон худалдан авах тендерийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар зарлажээ


6.5 тэрбум төгрөгийн төсөвтэй, ердөө 4 ширхэг дрон худалдан авах тендерийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар зарласан нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Тодруулбал, “зам тээврийн осол, гэмтлийг шуурхай шийдвэрлэх, түгжрэлийг бууруулах зориулалттай тусгай техник хэрэгсэл” хэмээн тодорхойлсон ч нэгжийн өртөг 1.6 тэрбум төгрөг давж буй нь зах зээлийн бодит үнэлгээтэй харьцуулахад эргэлзээ дагуулж эхэллээ.

Гэвч хамгийн ноцтой асуудал нь зөвхөн үнэ биш. Тендерийн бичиг баримтад тухайн дроны техникийн үзүүлэлт, шаардлага тодорхой тусгагдаагүй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс харах ёстой гэж заасан байна. Гэтэл уг системийн мэдээлэл олон нийтэд нээлттэй, бүрэн харагдахгүй байгаа нь ил тод байдлын зарчим бодитоор хэр хэрэгжиж байгааг асуултын тэмдэг дор оруулж байна.

Зам тээврийн ослыг бууруулах, түгжрэлийг зохицуулах нэрийн дор яг ямар зориулалтын, ямар хүчин чадалтай “тусгай дрон” нэг бүр нь 1.6 тэрбум төгрөгийн үнэд хүрэх боломжтой вэ? Энэ нь бодит технологийн шийдэл үү, эсвэл төсвийн үндэслэл тодорхойгүй худалдан авалт уу гэдэг асуулт хариултгүй үлдэж байна.

Нийслэлийн худалдан авалтын ийм өндөр дүнтэй, техникийн тодорхойгүй тендерүүд олон нийтэд ил тод биш нөхцөлд явагдаж байгаа нь зөвхөн нэг худалдан авалтын асуудал биш, харин төсвийн зарцуулалтын үндэслэл, хяналтын тогтолцооны ил тод байдалд хамаарах илүү өргөн асуудлыг хөндөж байна.


Б.Зул
www.BOLOD.mn
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen