Хот хөлдөж, хотхон нэмэгдсэн Чойжилсүрэнгийн жилүүд

Улаанбаатар хотын дулаан хангамж аль хэдийнэ “хэвтрийн өвчтөн” болсон. -40 хэм хүрэхэд нийслэл бүхэлдээ хөлдөх эрсдэлтэй гэдгийг салбарынхан нуухаа ч больжээ. Харин сүүлийн жилүүдэд дундаж температур -27 хэм орчим байсныг далимдуулан “-13 градусын аз”-д найдаж, барилга хотхон тасралтгүй нэмэгдсээр ирсэн нь өнөөдрийн хямралын суурь болж байна.
Дулааны станцууд нь амь тавихдаа тулчихсан байхад барилгын зах зээл харин хаврын цэцэг шиг дэлгэрч байна. Хот даяар дулаан тасалдаж, айлууд хүйтэн байранд хонож байхад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “Хурд групп” л дулаан, дэд бүтцийн саадгүй орчинд хотхоноос хотхон ашиглалтад оруулсаар. Нэг талд нь нийслэл хөлдөж, нөгөө талд нь сайдын бизнес оргилж буй энэ зураг бол өнөөдрийн бодлогын бодит хөрөг юм.
Эрчим хүчний доголдол хэд хоногоор үргэлжилж, хотын өдөр тутмын “хэвийн үзэгдэл” болж хувирав. 2024 оны арваннэгдүгээр сард салбараа аврах нэрээр тарифыг 30 хувиар өсгөсөн ч бодит байдал дээр ДЦС-3-д турбин нь тэсэрч, ДЦС-4 нь араас нь гэмтлээ зарлав. “Удахгүй засна”, “хоёр хоногт хэвийн болгоно” гэх тайлбар дулаангүй хоносон айлуудад тайвшруулах үг биш, тохуурхал шиг сонсогдов. Ингээд нийслэлчүүдийн дунд “Дөрвөн есөд дөнөн үхрийн эвэр биш, Дулааны цахилгаан станц дөрөв хөлддөг боллоо” гэх ёж үг ам дамжин тархах болов.
Б.Чойжилсүрэнг нийслэлийн бетонон ширэнгийн “босс” гэдгийг хүмүүс андахгүй. Хаана сул газар харагдана, тэнд удалгүй “Хурд”-ын нэртэй хотхон өндийдөг нь бараг зүй тогтол болсон. Барилга барихад гацаадаг дэд бүтцийн асуудал харин сайдын суудлын дор саад болдоггүй гэх хардлага ч тасардаггүй.
Сайд болсноосоо хойш ашиглалтад оруулсан хотхонуудын 1 мкв нь 4.2–8 сая төгрөгийн үнэтэй. Сансар Гарден, Зайсан Хүннү, Platinum Tower, Жаргалант Хүннү вилла, Нисэх Гарден, Чандмань хотхон гээд жагсаавал цөөнгүй. Богдхан уулын ам, голын хамгаалалтын бүс, маргаантай зөвшөөрлүүд ч энэ жагсаалтад “дагалдах тайлбар” болж үлдсэн.
Өөрөөр хэлбэл, сайдын бизнес дулаан, салбар нь хүйтэн байна.
Эрчим хүчний сайд бизнесээ амжилттай тэлж байхад эрчим хүчний систем нурж буй энэ зөрчил бол зүгээр нэг давхцал уу, эсвэл ашиг сонирхлын ил тод жишээ юу гэдэг асуулт хариулт нэхсээр байна.
Б.Зул
www.BOLOD.mn
www.BOLOD.mn