Өдөрт дунджаар 46 иргэн луйвардуулж байна

Сүүлийн үед залилан мэхлэх гэмт хэрэг илүү нарийн, олон хэлбэртэй болж, энгийн зар мэдээлэл хүртэл залилангийн хэрэгсэл болжээ. “Шахмал түлш авна, зарна”, “хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана”, “сугалаанд хожлоо” зэрэг зар, мессежээр богино хугацаанд олон иргэн хохирсон ноцтой тохиолдлууд бүртгэгдсэн байна.
Албаныхны мэдээлснээр 2024–2025 онд Монгол Улсад өдөрт дунджаар 46 орчим залилангийн хэрэг бүртгэгдэж, сүүлийн таван жилд энэ төрлийн гэмт хэрэг тасралтгүй өсжээ. Хил дамнасан цахим залилангаар л гэхэд 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Сүүлийн үед залилагчид сошиал сүлжээ, хуурамч линк ашиглан иргэдийн банкны мэдээллийг хуулж, данс болон хадгаламжийг нь хүртэл хоослох болсон. Тухайлбал, Pizza Hut, KFC-ийн нэрийг ашигласан хуурамч хямдралын зараар иргэдийг залилсан хэрэг гарчээ.
Өнгөрсөн жилийн залилангийн хэргийн 89.2 хувь нь иргэдийн 30 мянга гаруй дансыг ашиглан үйлдэгдсэн тул гэмт этгээдийг илрүүлэхэд хүндрэлтэй байдаг аж. Иймээс иргэд аливаа зар мэдээлэлд болгоомжтой хандаж, эх сурвалжийг заавал нягтлах нь өөрийгөө залилангаас хамгаалах хамгийн найдвартай арга гэдгийг анхааруулж байна.
Ч.Юмчирдулам