Улаанбаатарын цахилгааны гачигдал ба баригдаагүй Багануурын станц

Монголчууд өнөөдөр ч “тог тасрах вий” гэж айсаар байгаа нь байгалийн гамшиг бус, харин бодлогын алдаа бөгөөд үүний нэг тод жишээ нь Багануурын 700 МВт-ын дулааны цахилгаан станцын төсөл юм. Анх төлөвлөсний дагуу хэрэгжсэн бол тус станц 2023 онд ашиглалтад орж, Улаанбаатар хот эрчим хүчний хомсдол, гадаадын импортын цахилгаанд ингэж барьцаалагдахгүй байх боломж бүрэн байлаа. Гэвч бодит байдал дээр уг станц нь Ерөнхийлөгч Х.Баттулга, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нарын бүрэн эрхийн үед улс төрийн маргаан, айдас, суртал ухуулгын дунд гацаж, эцэстээ “баригдаагүй том амлалт” болон үлдсэн юм. Тухайн үед Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн болон “Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр нар “Багануурын цахилгаан станц баригдвал одоо ажиллаж байгаа бүх дулааны цахилгаан станцууд шатна” гэх агуулгатай мэдэгдэл, суртал ухуулгыг олон нийтэд хийж, төслийг эдийн засгийн бус харин айдас дээр суурилсан үндэслэлээр эсэргүүцэж байсан нь өнөөдөр эргэн харахад эрчим хүчний бодлого гэхээсээ илүү улс төрийн шоу мэт санагдана. Хачирхалтай нь, тухайн үед төслийг хамгийн чанга эсэргүүцэж явсан Ч.Мөнхбаяр нь хожим тагнуулын хэрэгт холбогдон 10 жилийн хорих ял сонссон бол, харин сайд асан Ц.Даваасүрэн өдгөө энэ бүхнийг тухайн үеийн улс төржилт, тодруулбал Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нөлөөтэй холбон тайлбарласаар байна. Тэрбээр “Баахан хятадууд орж ирэх гэж байна гэдэг зүйлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр яриад, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс энэ төслийг хэрэгжүүлэхгүй байх тухай албан бичиг Эрчим хүчний яаманд, улмаар Засгийн газарт ирүүлсэн” хэмээн мэдэгдэж, “уучлалт гуйх хүн байвал тэр үеийн Ерөнхийлөгч нь уучлалт гуйх ёстой” гэж хүртэл хэлж байв. Үүнээс гадна Ц.Даваасүрэн Багануурын цахилгаан станцыг зогсоосон бас нэг үндэслэлээ “эрчим хүчний илүүдэлтэй байсан” хэмээн тайлбарласан нь өнөөдөр өвөл бүр хэрэглээгээ хязгаарлаж, импортын цахилгаанд найдаж буй бодит нөхцөл байдалтай харьцуулахад ёжтой сонсогдохоос өөр аргагүй юм. Ингээд 700 МВт-ын станц барина гэж зарласан улс эцэстээ 2024 онд Багануурт ердөө 50 МВт-ын батарей хуримтлуурын станц ашиглалтад оруулж, том мөрөөдлийн оронд жижиг шийдлээр тайтгарч суух болсон нь Монгол Улсад бодлого тасалдахад хэн ч хариуцлага хүлээдэггүй, харин тайлбар л дамжсаар байдаг гашуун үнэнг харуулж байна. “Багануурын цахилгаан станц” гэдэг нэр өнөөдөр бодит байгууламжаас илүүтэйгээр айдсаар зогсоосон шийдвэр, улс төрийн хариуцлагагүй мэдэгдэл, алдагдсан арван жилийн бэлгэдэл болон үлдэж, хэрэв энэ станц 2023 онд ашиглалтад орсон бол өнөөдөр эрчим хүчний илүүдэл биш, харин дутагдлын тухай ярихгүй байх байсан болов уу гэсэн асуулт хариултгүй хоцорсоор байна.
Б.Зул
www.BOLOD.mn