Шинээр томилогдсон Элчин сайд нар экспорт, хөрөнгө оруулалтыг дэмжих уулзалт зохион байгуулав

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Жижиг дунд үйлдвэрлэлийн газар, Монголын ноос, ноолуурын холбооны удирдлага, гишүүн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл шинээр томилогдсон элчин сайд нартай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар танхим, мэргэжлийн холбоод болон дипломат төлөөлөгчийн газруудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, гадаад эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспорт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Нээлтийн үеэр Б.Лхагважав хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, экспортын зах зээлийг тэлэхэд дипломат төлөөлөгчийн газруудын үүрэг, оролцоо чухал болохыг онцолж, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх бодит боломж, нөөцийн талаар танилцууллаа.
Мөн Я.Эрдэнэсайхан дотоодын үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлд гаргах боломж, тулгамдсан асуудал, хамтын ажиллагааны гарцын талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Цагаан алт хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуур, арьс ширний салбарын нөхцөл байдал, экспортын боломжийг Б.Жавхлан танилцуулж, бизнесийн төлөөлөл саналаа илэрхийллээ.
Уулзалтад Монгол Улсаас гадаадын 20 оронд суух шинээр томилогдсон Элчин сайд нар оролцож, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, хөрөнгө оруулалт татах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Талууд цаашид дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан бизнесийн холбоо, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар санал нэгдлээ.
Ч.Юмчирдулам