Усан парк гэж ярьсаар орон сууц босгосон түүх

“Анхнаасаа усан парк барих зориулалттай газар байгаагүй” гэж “Акуа гарден” хотхоны захирал А.Амарбаясгалан 2026 оны нэгдүгээр сарын хорин хоёрны өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн. Энэ өгүүлбэр зөвхөн нэг компанийн тайлбар биш, харин сүүлийн арван жилд улс төр, бизнес нийлж хэрхэн олон нийтийн итгэлийг элээж болдгийн тод жишээ болон сонсогдов. Учир нь энэ үг үнэн юм бол 2016 оноос хойш Монголын төр, нийслэлийн удирдлага, хэвлэл мэдээлэл, гадаадын санхүүгийн байгууллагууд хамтдаа нэг том худал үлгэр ярьсан болж таарах нь.
2016 онд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр Улаанбаатар хотод усан парк бүхий соёл амралт, аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөл албан ёсоор зарлагдсан. Төслийн санхүүжилтийг Унгарын Экспорт Импорт банк, Экспортын даатгалын агентлаг санхүүжүүлэхээр санамж бичиг байгуулж, уг төслийг Улаанбаатар хотын “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр, 2020 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд багтаасан гэж мэдээлж байв. Энэ бол нэгэн хувийн компанийн санаачилга биш, төрийн дэмжлэгтэй, олон улсын оролцоотой төсөл мэт ойлгогдсон.
2017 онд “Эм энд Жи” констракшн компанийн захирал А.Амарбаясгалан хэвлэлүүдэд ярилцлага өгч, Энхтайваны гүүр, Замын цагдаагийн газрын хооронд орших 11.8 га газарт дэлхийн жишигт нийцсэн, дөрвөн улиралд ажиллах битүү усан парк барина гэж мэдэгдэв. Тэрээр 600 гаруй ажлын байр бий болно, зочид буудал, кино театр, энтертаймент төв бүхий цогцолбор барина, зураг төсөлд хоёр сая ам.доллар зарцуулсан хэмээн итгэл төгс ярьж байлаа. Тухайн үед хэн ч “энэ газар угаасаа орон сууцны зориулалттай байсан” гэж олон нийтэд ил тод хэлээгүй.
Харин 2022 он гэхэд байдал эрс өөрөөр эргэв. Усан парк харагдсангүй, харин олон давхар орон сууцны блокууд Дунд голын хөвөөнд эгнэн босож эхэлсэн байлаа. Үүний дараа А.Амарбаясгалан өөр тайлбар гаргаж ирсэн. Тэрээр “Эм энд Жи” констракшн компани 2008 онд НИТХ болон тухайн үеийн нийслэлийн удирдлагуудын шийдвэрээр “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд уг газрыг орон сууцны зориулалтаар дуудлага худалдаагаар авсан, 2012 онд газар нь ногоон байгууламжийн зориулалттай болсон, харин 2013 оноос өөрсдийн санаачилгаар усан парк, спорт цогцолбор нэмсэн гэж тайлбарлав. Өөрөөр хэлбэл, усан парк бол анхдагч зорилго биш, “сайн дурын нэмэлт” байсан болж таарав.
Энэ тайлбар олон нийтийн дургүйцлийг улам өдөөв. Иргэн Э.Тэмүүжин тэргүүтэй иргэд, иргэний нийгмийн байгууллагууд усан парк нэрийдлээр орон сууц барьж байна гэж үзэн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт шаардлага хүргүүлж, жагсаал цуглаан зохион байгуулсан. Хотын захиргааны хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар тухайн үед 2008 онд газар орон сууцны зориулалттай олгогдсон, 2018 онд хэсэгчлэн усан парк, спорт цогцолборын зориулалттайгаар 15 жилийн хугацаатай олгосон, харин 2020 онд нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар уг шийдвэрүүдийг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж болгох захирамж гаргасан гэдгийг ил болгосон. Үүний дараа “Эм энд Жи” констракшн Захиргааны хэргийн шүүхэд хандсан ч маргаан эцэслэн шийдэгдээгүй.
2023 оны их үерийн дараа асуудал бүр хурцдав. Хотын дарга асан Д.Сумъяабазар “Акуа гарден” хотхоны зарим барилга үерийн эрсдэл үүсгэж болзошгүй хэмээн үзэж албадан нураах захирамж гаргасан. Улсын байгаль орчны ерөнхий байцаагч мөн адил нураах шийдвэр гаргасан. Одоогийн хотын дарга Х.Нямбаатар “захиргааны шийдвэр хүчин төгөлдөр, нураах ёстой” гэж мэдэгдэж, барилгын эрчим хүчийг тасалсан ч компани өөр эх үүсвэр залган барилгаа үргэлжлүүлсэн талаар ил тод хэлсэн. Гэсэн ч эдгээр захирамжийг шүүх хүчингүй болгож, бодит байдал дээр барилга нураагдсангүй, ашиглалтад ч ороогүй, харин маргаан гацаанд орсон хэвээр үлдэв.
Ингээд 2026 онд А.Амарбаясгалан “анхнаасаа усан парк барих зориулалттай газар байгаагүй” гэж хэлснээр маргаан бүр ёжтой төгсгөл рүүгээ орлоо. Хэрэв үнэхээр тийм байсан бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн үед зарлагдсан усан парк, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбантой холбогдсон санамж бичиг, нийслэлийн хөгжлийн хөтөлбөрүүд, хэвлэлээр цацагдсан олон жилийн сурталчилгаа бүгд юу байсан бэ гэсэн асуулт хариултгүй үлдэж байна.
Өнөөдөр “Акуа гарден”-д 640 айлын барилга бэлэн, хэдэн мянган иргэн байраа хүлээж байна. Гэвч үл хөдлөхийн гэрчилгээ байхгүй, ашиглалтад орох боломжгүй. Хотын удирдлагууд нураана гэсээр, компани хууль зөрчөөгүй гэсээр, шүүх хурал хойшилсоор. Харин хамгийн буруугүй атлаа хамгийн их хохирч буй хүмүүс нь байрныхаа мөнгийг бүрэн төлсөн энгийн иргэд болж таарлаа.
“Акуа гарден” өнөөдөр усан парк ч биш, орон сууц ч биш. Энэ бол Ч.Сайханбилэгээс эхлээд нийслэлийн хэд хэдэн Засаг дарга, А.Амарбаясгалан тэргүүтэй компани, төрийн байгууллагуудын шийдвэр хоорондоо зөрчилдөж, хариуцлагагүйгээр дамжин өнөөг хүрсэн, Монголын төр хэрхэн иргэдийн өмчийн эрхийг хамгаалж чаддаггүйг харуулсан бетон дурсгал болж үлдлээ.
Б.Зул
www.BOLOD.mn
www.BOLOD.mn