“Гоожингийн өндөр” түүхэн барилгыг 1.3 тэрбум төгрөгөөр сэргээн засварлахаар тендер зарлана
Нийслэлийн Баянзүрх дүүргийн VI хороонд байрлах Гоожингийн өндөр хэмээх 114 жилийн түүхтэй дурсгалт барилгыг сэргээн засварлах А даалгаврыг боловсруулж дуусган, ойрын хугацаанд тендер зарлахаар төлөвлөжээ. Сэргээн засварлах ажлын төсөв 1.3 тэрбум төгрөгөөр тооцогдсон байна.
Тус барилгыг нийслэлийн мэдэлд буцаан авах, хамгаалахтай холбоотой маргаан гурван жилийн өмнө шүүхийн шатанд шийдэгдэлгүй удааширч байсан ч нийслэл газар эзэмшигчидтэй тохиролцсоны үр дүнд Улаанбаатар хотын нэр дээр шилжүүлэн авсан байна.
Архитектор Г.Нямцогтын мэдээлснээр, уг байшинд 1988 онд судалгаа хийж, сэргээн засварлалтын ажлын зургийг бүрэн боловсруулж байсан ч газар хувьчлагдсаны улмаас хэрэгжээгүй үлдсэн аж. Тэрээр 1973–1993 онд үйл ажиллагаа явуулж байсан Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газар татан буугдсанаар мэргэжлийн тогтолцоо алдагдсаныг онцолсон юм.
Ч.Юмчирдулам