Владимир Зеленский, Режеп Тайип Эрдоган нар аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов


Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бямба гарагт Истанбул хотноо Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантой уулзсаны дараа хоёр улс аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон талаар мэдэгдлээ.
Уулзалтын дараа В.Зеленский хэлэхдээ, аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах шинэ алхмуудын талаар тохиролцоонд хүрсэн бөгөөд ойрын хугацаанд ажлын хэсгүүд нарийн зохицуулалт, хэрэгжилтийн асуудлыг эцэслэн боловсруулна гэв. Тэрбээр Украин улс дайны явцад хуримтлуулсан туршлага, техник технологийн мэдлэгээ олон улсын хамтын ажиллагаанд ашиглах сонирхолтой байгааг онцолжээ.
Харин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Украиныг дэмжих байр сууриа дахин илэрхийлж, Турк улс Украин, Оросын хоорондох дайныг зогсоох хэлэлцээг үргэлжлүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.
Мөн уулзалтын үеэр талууд байгалийн хийн дэд бүтэц байгуулах төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, хийн ордыг хамтран ашиглах боломжийн талаар хэлэлцжээ. Р.Эрдоган Турк улс Хар тэнгисийн тээврийн аюулгүй байдал, бүс нутгийн эрчим хүчний хангамжийн тогтвортой байдалд өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэсэн байна.
Украин улс сүүлийн үед олон улсын аюулгүй байдлын түншлэлээ тэлж, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмирт, Катар зэрэг улстай ижил төрлийн хэлэлцээр байгуулсан бөгөөд Ойрх Дорнодын бусад оронтой ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр хэлэлцээ хийж байгаа юм.

Ч.Юмчирдуламскачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen