Даланзадгад хотод “Их говийн хаврын баяр-2026” гурав дахь жилдээ болж өнгөрлөө

Ханш нээх өдрийг тохиолдуулан “Их говийн хаврын баяр-2026” арга хэмжээг энэ сарын 5-ны өдөр Даланзадгад хотод гурав дахь жилдээ зохион байгууллаа. Тус баярыг Өмнөговь аймгийн ЗДТГ, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар хамтран зохион байгуулсан байна.
Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны зөвлөх, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Сэргэлэн, Төрийн хан хуурч, МУСТА Ц.Соёл-Эрдэнэ, гавьяат жүжигчин Ө.Батжаргал, Монгол Улсын тэргүүн зэргийн ерөөлч С.Мөнхжаргал тэргүүтэй 200 гаруй уран бүтээлч оролцож, 600 гаруй иргэн үзэж сонирхжээ.
Баярын хүрээнд ном хурж, тууль хайлж, ерөөл, магтаал өргөхөөс гадна оролцогчид сүү, цай, амуу будааны дээжээ өргөн, байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлсэн байна.
Монголчууд ханш нээх өдрийг байгаль дэлхий сэргэн амилж, амьтай бүхэн хөдөлгөөнд ордог хэмээн бэлгэдэж, бие сэтгэлээ ариун байлгах, эв нэгдлийг эрхэмлэх, байгальдаа өргөл өргөх уламжлалтай. Мөн энэ өдрийн цаг агаар, шинж тэмдгийг ажиглан зун, намрын өнгийг шинждэг заншилтай юм.
“Их говийн хаврын баяр-2026” нь байгальтайгаа тэмцэх бус зохицон амьдрах монгол ухаан, уламжлалт мэдлэг, соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлж буйгаараа онцлог арга хэмжээ боллоо.
Ч.Юмчирдулам