Шахмал түлшийг хөндлөнгийн лабораториор шинжлүүлэхээр болжээ

Шахмал түлшийг хөндлөнгийн лабораториор шинжлүүлэхээр болжээ

 

Шахмал түлшний үйлдвэр, агуулах, борлуулалтын цэгээс дээж авч, дотоод болон олон улсын итгэмжлэгдсэн хөндлөнгийн лабораториор шинжлүүлэхээр болжээ.

Түүнчлэн хатуу болон ахуйн хэрэглээний хийн түлшний борлуулалтын цэгүүдэд шалгалт хийж, айл өрхийн угаарын хий мэдрэгчийн ажиллагаа, зуухны бүрэн бүтэн байдал, түлшний хэрэглээг хянах, дулаан, эрчим хүч үйлдвэрлэх, түгээх чиглэлээр уурын болон усан халаалтын зуух ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн түлшний хэрэглээ, зуухны ашиглалтын байдлыг шалгах аж.

Эдгээр арга хэмжээ нь хатуу түлшний чанар, стандартыг мөрдүүлэх, зуухны аюулгүй ажиллагааг хангах, түлшний зохистой хэрэглээг төлөвшүүлэх, угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой байна.

Одоогийн байдлаар нийслэлийн харьяа хяналт хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий агентлаг, дүүргүүдийн холбогдох албан хаагчид болон “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын албан хаагчид 3-15 кВт хүчин чадалтай халаалтын зуух ашиглагч айл өрхүүд, 15-100 кВт болон 100 кВт-аас дээш хүчин чадалтай зуух ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулж, аюулгүй ажиллагааны зөвлөмж өгч байгааг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Энэ өвөл Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр "Тавантолгой түлш" компанийн үйлдвэрлэсэн шахмал түлш болон БНХАУ-аас худалдаж авсан хагас коксон түлшийг худалдан борлуулж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen