Флорида мужид хувийн онгоц осолдож, есөн хүн амиа алджээ

АНУ-ын Флорида мужийн Палм-Бич тойргийн Гринэйкрс хотын ойролцоо хувийн нисэх онгоц осолдож, онгоцонд зорчиж явсан есөн хүн бүгд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Ослын үеэр Learjet 60 загварын бизнес ангиллын тийрэлтэт онгоц Техас мужийн Остин хотоос Багамын арлуудын Норт-Элютера чиглэлд нисэж байсан аж. Орон нутгийн цагаар арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 12:50 цагийн орчимд осол гарсан байна.
Онгоц суурьшлын бүсийн ойролцоо унасан бөгөөд ослын дараа ойролцоох орон сууцны бүсээс 600 орчим иргэнийг аюулгүй байдлын үүднээс нүүлгэн шилжүүлжээ.
Нисэх багийнхан ослоос хэдхэн минутын өмнө цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдалд орсон тухайгаа нислэгийн удирдлагад мэдээлж, онгоцны далавч, их биед мөс тогтож, дунд зэргийн хүчтэй доргилт үүсэж байгааг хэлжээ. Улмаар өндөр авах зөвшөөрөл хүссэний дараахан онгоц огцом доошилж, нисгэгчид ослын дохио өгсөн байна.
АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөлийн (NTSB) мэдээлснээр онгоц газарт мөргөхөөсөө өмнө агаарт бүтцийн гэмтэл авч, зарим хэсэг нь салсан байж болзошгүй аж. Онгоцны сэг, хэлтэрхий ослын газраас нэлээд өргөн талбайд тархсан байна.
Ослын улмаас онгоцонд зорчиж явсан хоёр нисэх багийн гишүүн, долоон зорчигч буюу нийт есөн хүн амиа алдсан бөгөөд ойролцоох замаар явж байсан нэг хүн хөлөндөө гэмтэл авчээ.
Одоогоор ослын шалтгаан эцэслэн тогтоогдоогүй бөгөөд NTSB цаг агаарын нөхцөл байдал, онгоцны техникийн бүрэн бүтэн байдал болон нислэгийн багийн үйл ажиллагааг шалгаж байна.
Б.Зул
www.BOLOD.mn