Агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөний төслийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо


Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төслийн нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр /2026.11.02/ Гадаад харилцааны яаманд боллоо.
Хэлэлцүүлэгт БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэд дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Ерөнхий сайдын Ногоон шилжилт, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх Б.Булганчимэг, Ерөнхий сайдын Хотын асуудал хариуцсан зөвлөх А.Баяр, Нийслэлийн Засаг даргын агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагч А.Амартүвшин, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Баттүшиг нарын албаны хүмүүсээс гадна НҮБ, ДЭМБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэд, олон нийтийн төлөөлөл оролцов.
БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэд дарга Ц.Сандаг-Очир хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Засгийн газраас Улаанбаатар хот болон томоохон суурин газруудын агаарын бохирдлыг бууруулахад түлшний шилжилтийг эрчимтэй хийх нь хамгийн оновчтой шийдэл гэж үзэж байгаа бөгөөд 2025-2026 онд агаарын бохирдлыг 30 орчим хувиар бууруулж, 2040 он гэхэд нийслэлд хатуу түлшнээс бүрэн татгалзах үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлж буйг онцлов.
Мөн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэдэг байсан 2017 онд РМ10 тоосонцор 174мкг/м3 байсан бол сайжруулсан шахмал түлш хэрэглэсэн 2021 онд 89 мкг/м3, хагас коксон түлшинд шилжсэн 2025 онд 86 мкг/м3 болж 49,5 хувиар,
РМ2.5 тоосонцор 2017 онд 137 мкг/м3, 2021 онд 44 мкг/м3, 2025 онд 37 мкг/м3 буюу 27.1 хувиар буурч, агаарын бохирдлын үзүүлэлт дунджаар 50 хувь сайжирсан гэдгийг тэмдэглэв.
Агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөний төслийг 15 яам, агентлаг, нийслэлийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг боловсруулж, хууль эрх зүй, хатуу түлш, эрчим хүч, авто тээвэр, дотоод орчны агаарын чанар, агаарын чанарын хяналт-шинжилгээ, дулаан-ногоон технологи гэсэн 7 үндсэн бүлгийн хүрээнд нийт 58 арга хэмжээг төлөвлөсөн байна.
Төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс 55 орчим хувиар бууруулахаар тооцжээ. Агаар бохирдуулагч бодисууд болох PМ2.5 тоосонцорыг 66 хувиар, РМ10 тоосонцорыг 77 хувиар, хүхэрлэг хийг 64 хувиар, азотын давхар ислийг 15 хувиар бууруулахаар тусгасан байна.

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen