“Эрдэнэт үйлдвэр”-ийн тендерийн ард юу байна вэ?


Төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр” 350 вагон түрээслэхэд 6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэхдээ 350 вагоныг нэг дор өрсөлдүүлэхийн оронд 19-50 ширхэгээр нь хувааж, 10 багц болгосон нь аудитын анхаарлыг татсан байна. Бүр тендерийн шаардлагаас ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг хассан байжээ. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх ёстой тендерийн босгыг харин ч намсгасан дүр зураг эндээс харагдана.
Тэгээд үр дүн нь сонирхолтой. 10 багцын 9-д буюу нийт 300 вагонд “Төмөр замын зураг, төслийн институт” ХХК шалгарч, 4.8 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан бол үлдсэн 50 вагонд “Дулаанвинг” ХХК 850 сая төгрөгийн гэрээ авчээ. Ингээд 350 вагон, 10 багцын тендерийн 9 багц нь нэг компанид очсон байна.
Харин аудит үүгээр зогссонгүй. Эдгээр вагон 2026 оноос үйлчилгээнд явж эхлэхээр байсан атлаа 2025 онд зайлшгүй шаардлагатай бус төсвийг баталсан, тендерийн шаардлагыг бууруулсан, мөн оролцогч компанийн эцсийн өмчлөгч, хамаарал бүхий этгээдийг тогтоож, ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргуулах шаардлагатай гэж үзэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагад албан шаардлага хүргүүлжээ.
Төрийн мөнгөөр 350 вагон авахад 10 багц болгож болно. Харин яагаад 10 багцын 9 нь нэг компанид очсон, яагаад туршлагын шаардлагыг хассан, яагаад хэрэгцээ нь 2026 онд байхад төсвийг 2025 онд баталсан бэ гэдэг асуулт үлдэж байна. Тендерийн нэр нь өрсөлдөөн боловч үр дүн нь нэг компанийн давуу байдал болж хувирсан бол үүнийг тайлбарлах ёстой. Тэр тусмаа яриад байгаа 4.8 тэрбум нь хэн нэгний хувийн мөнгө биш, төрийн өмчит үйлдвэрийн хөрөнгө юм.

П.Самдан
www.BOLOD.mn


Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen