Рэппэр “Тимон”-оос Ерөнхий сайд хүртэл пуужиндсан, 39 настай Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал

Нэг хэсэг залуусын чихэнд хит дуу эгшиглүүлж явсан реппэр “Тимон” өнөөдөр Монголын төрийн хамгийн өндөр гүйцэтгэх засаглалын суудалд сууна гэдгийг тэр үеийн сонсогчид бараг төсөөлөөгүй байх. Харин улс төрийн карьер гэдэг заримдаа хип-хопын хэмнэлээс ч хурдан өрнөдөг бололтой.
Мянга есөн зуун наян долоон оны нэгдүгээр сарын хоёронд Улаанбаатарт төрсөн тэрээр боловсрол, боломж хоёр хоёулаа хангалттай айлд өссөн. Аав нь “Их Засаг” олон улсын их сургуулийг үүсгэн байгуулагч, Ардын багш Н.Ням-Осор, ээж нь түүхийн ухааны доктор, багш Ж.Цэцэгмаа. Товчхондоо, зарим хүмүүсийн хэлдгээр “амандаа алтан халбага зууж төрсөн” хүн.
Гэхдээ тэр улс төрийн тайз руу шууд орсонгүй. Эхлээд микрофон барьсан.
Хоёр мянгаад оны эхэн үеийн залуус түүнийг “Timon” нэрээр мэддэг байсан. “Чиний төлөө”, “Би хартай залуу”, “Байртай юу” зэрэг дуунууд нь тухайн үедээ хит болж, зарим нь одоо ч nostalgia-гийн жагсаалтад ордог. Хэрэв урлагийн замналаа үргэлжлүүлсэн бол одоо концертын тайзан дээр байж ч мэдэх ч тэр “улс төр” хэмээх өөр тайзыг сонгосон. Дуулж яваад гэнэт бодлоо өөрчилсөн үү, эсвэл карьерын илүү баталгаатай хувилбарыг сонгосон уу гэдгийг хүмүүс өөр өөрөөр тайлбарладаг. Ямартай ч удалгүй аавынхаа замналыг дагаж боловсролын байгууллага удирдаж, академи байгуулж, телевизтэй хүртэл болсон гэдэг. Сургууль төгсөөд бараг шууд захирал болсон түүний намтар нь Монголд баян айлын эрх хүүхдүүдийн замнал хэрхэн дардан байдгийг харуулсан юм.
Харин улс төрд албан ёсоор орсон нь хоёр мянга арван хоёр он. Нийслэлийн намын хороонд ажиллаж, удалгүй дүүргийн төлөөлөгч, дараа нь зөвлөх, улмаар хоёр мянга арван зургаан онд 29 настайдаа УИХ-ын гишүүн болсон. Зарим улс төрчид энэ босгыг давж чадахгүй олон жил оролддог. Харин түүний хувьд энэ нь бараг карьерын эхлэл шиг харагддаг.
Үүнээс хойш түүний намтар бараг л албан тушаалын жагсаалт болж хувирсан.
Цахим бодлого, инновацийн хорооны дарга, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн шадар сайд, УИХ-ын дарга, намын дарга… Эцэст нь хоёр мянга хорин зургаан онд Ерөнхий сайд. Зарим хүмүүс энэ замналыг “улс төрийн карьер”, зарим нь “шаталсан хурдасгуур” гэж нэрлэдэг.
Гэхдээ энэ түүх зөвхөн карьерын тухай биш. 2020 онд тэр хүнд өвчин тусаж, урт хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед олон нийтэд хандан “амьд явахын үнэ цэнийг ойлгосон” тухай ярьж байсан нь анхаарал татаж байв. Өвчнөөс эргэн гарч ирсэн нь түүний хувьд амьдралын том сорилт болсон гэж ярьдаг.
Гэр бүлийн хувьд хоёр мянга найман онд Тимон байх үедээ эхнэр Сэлэнгэтэйгээ танилцан, удалгүй гэрлэж, гурван хүүхэдтэй болсон. Ажил, улс төрийн карьерийн дунд гэр бүлээ авч явахыг чухалчилдаг тухай ярьж байсан нь ч бий.
Олон нийт түүний намтрыг дан ганц хүний хичээл зүтгэлээр тайлбарлахгүй. Зарим нь түүнийг шинэ үеийн боловсролтой улс төрч гэж хардаг бол, нөгөө хэсэг нь “систем дотор хурдан өссөн карьер” гэж дүгнэдэг. Аавынх нь байгуулсан сургууль, улс төрийн орчин, нам доторх дэмжлэг гээд ярьдаг зүйл ч цөөнгүй.
Ямартай ч өнөөдөр тэр Монголын хамгийн өндөр гүйцэтгэх засаглалын суудал дээр сууж байна. Реппэр байсан 39 настай залуу улс төрийн оргилд хүрсэн энэ түүх заримд нь амжилтын түүх, заримд нь Монголын улс төрийн бодит дүр зураг шиг харагдана.
www.BOLOD.mn