Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэл, санхүүжилтийг шалгах хамтарсан ажлын хэсэг ажиллаж эхэллээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Нийслэл Улаанбаатар хотын төсвийн хаалттай, үр ашиггүй зарцуулалт, нийслэлийн төсвийн нийт зарлага 1,2 их наяд төгрөгөөс 5,8 их наяд төгрөг болж огцом өссөн ч бодит хэрэгжилт, нийгэмд үзүүлж буй үр нөлөө, төсвийн зарцуулалтын ил тод байдал, хяналтгүй байна. Өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын төслүүдийн үр ашиггүй, гүйцэтгэл дутуу, төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байгаа нь төсвийн хариуцлагын зарчим алдагдсан эсэхэд санхүү, хууль зүйн үнэлгээ өгөх шаардлагыг бий болгож байна. Иймд нийслэлээс хэрэгжүүлсэн бүх төсөл хөтөлбөрийг шалгаж өгнө үү” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг ирүүлсэн.
Уг мэдээллийг хүлээн авч хянан үзээд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хэрэг бүртгэлтийн 260200510 дугаартай хэрэг нээн, Улсын ерөнхий прокурорын газрын 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Хэрэг бүртгэлтийн 260200510 дугаартай хэргийн хүрээнд нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн сонгон шалгаруулалт хууль бус зохион байгуулагдсан эсэх, төслийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх зэрэг асуудлыг шалгах бөгөөд хамтарсан ажлын хэсэг нь “Туулын хурдны зам”, “Сэлбэ 20 минутын хот”, “Шинэ тойрог авто зам”-ын урьдчилсан зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл, “Улаанбаатар метро төсөл” гэх мэт томоохон төслүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна.