Хятадын Батлан хамгаалахын сайд асан хоёр хүнд цаазаар авах ял оноожээ

БЭЭЖИН, 2026 оны тавдугаар сарын 7 /Xinhua/. БНХАУ-ын цэргийн шүүх тус улсын Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан Вэй Фэнхэ, Ли Шанфу нарт авлигын хэргээр ялыг гүйцэтгэх хугацааг хоёр жил хойшлуулах нөхцөлтэйгөөр цаазаар авах ял оноожээ.
Шүүхийн шийдвэрт дурдсанаар, Вэй Фэнхэ авлига авсан, харин Ли Шанфу авлига авсан, өгсөн хэрэгт тус тус буруутай нь тогтоогдсон байна. Мөн тэднийг бүх насаар нь улс төрийн эрхийг хасаж, эд хөрөнгийг нь хураахаар шийдвэрлэжээ.
Тэд хоёул БНХАУ-ын Батлан хамгаалах яамыг удирдаж байснаас гадна, өөр өөр цаг үед Төв цэргийн зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаж, Төрийн зөвлөлийн гишүүний алба хашиж байжээ. Шүүхийн шийдвэрт онцолсноор, хоёр жилийн хугацаа дууссаны дараа хуулийн дагуу ялыг бүх насаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боловч ялыг хөнгөрүүлэх эсвэл хугацаанаас өмнө суллах эрхгүйгээр хорих ялыг эдлүүлнэ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг