Зэвсэгт хүчний марш тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний нээлт боллоо

Зэвсэгт хүчний 2026 оны аварга шалгаруулах Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний нээлтийн ёслолын арга хэмжээ 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа. Нээлтийн ёслолд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, удирдах газрын удирдах бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн захирагч, тэмцээнд оролцож буй тамирчин дайчид болон тэдний гэр бүлийн төлөөлөл уригдан оролцлоо. ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба нээлтэд хэлсэн үгэндээ цог хийморь нь бадарч, цовоо жавхаатай дайчдаа хараад үнэхээр бахархаж байна хэмээгээд яг л өнөөдрийн та нар шиг 10 жилийн туршид маршийн замаар гүйж явсан гэгээн сайхан дурсамж нь сэдэрч буйгаа дурдлаа. Цэргийн хөдөлмөрийн үр дүн, цэрэг хүний шилдэг чанаруудыг харуулдаг марш- тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн алба хаагчдын бэлэн байдал, бэлтгэлжилтийн түвшнийг тодорхойлох шалгалтын дээд хэлбэрийн нэг, томоохон бодит сорилт болдгийг тэмдэглэж, цэргийн сургалт бэлтгэл, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийн түвшнийг зөв тогтоож, цаашдын зорилтоо хангах арга замыг оновчтой тодорхойлоход чухал ач холбогдолтойг хэлэв.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд оролцож байгаа алба хаагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлж, 2026 оныг "Хүн төвтэй хөгжил-шинэчлэлийн жил" болон "Залуу офицеруудын хөгжлийн жил" болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлж буй бодлогын шинэчлэлүүдийн талаар онцлон дурдаж, Марш-тусгай бэлтгэлийн тэмцээнд оролцож байгаа офицеруудын 80 гаруй хувийг залуу офицерууд эзэлж байгаа нь тэдний манлайллыг харуулж байна гэлээ. Мөн тэрээр "Эх орноо батлан хамгаалах эрхэм үүрэг хүлээсэн тангараг нэгт мянга, мянган цог золбоот цэрэг эрс, охид бүсгүйчүүдээс эр зориг, тэсвэр хатуужил, хурд хүч, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаагаараа шалгаран Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд оролцох гэж буй эрхэм баг тамирчдадаа баяр хүргэе" гээд спортын талбарт хүчтэй өрсөлдөгчид хэдий ч эх орон, тусгаар тогтнол, ард түмнийхээ төлөө зүтгэхэд гар нийлсэн хамтрагчид гэдгийг онцоллоо.
Үүний дараа цэрэгжлийн спорт болон нийтийн биеийн тамирын шилдэг цэргийн алба хаагчид галт бамбарыг аялуулж, эгнэн жагссан алба хаагчид уухай хадаав. Цэргийн олимпын галт бамбарыг цэрэгжлийн спортын шилдэг тамирчид аялуулж, энэ үеэр дроны үзүүлэх тоглолтыг агаарт үзүүлсэн нь үзэгчдийг байлдан дагуулж чадсан юм. Цэргийн олимпод оролцохоор эх орныхоо дөрвөн зүгээс цугласан Зэвсэгт хүчний 38 нэгтгэл, ангийн 2000 гаруй цэргийн алба хаагчид ЦДБЭЧ-ын уран бүтээлчид урлагийн тоглолтоор бэлэг барьж, орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн хүрээнд зохион байгуулагдсан хип хоп дууны уралдаанд тэргүүлсэн хугацаат цэргийн алба хаагчид ая дуугаа өргөлөө.