"БНСУ-ын иргэн осгож нас барсан байж болзошгүй" гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ

Аяллын визээр манай улсад нэгдүгээр сарын 12-нд ирсэн БНСУ-ын жуулчин нас барсан хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгааг мэдээллээ.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Иргэний цогцос Төв аймгийн нутаг дэвсгэрээс олдсон. Иргэний биед гэмтэл шарх байгаагүй. Шүүх эмнэлгээс осголтын улмаас нас барсан байж болзошгүй гэсэн эхний дүгнэлтийг гаргасан.
Одоо нарийвчилсан шинжилгээг хийж байгаа. Тухайн иргэн манай улсын хилээр нэгдүгээр сарын 12-нд орж ирсэн байна. Гурван сарын жуулчны визээр орж ирээд хоёр сар хаана байсан нь мэдэгдэхгүй байгаа.
Зочид буудалд гурван хоног байсан бүртгэл бий. Улмаар нэгдүгээр сарын 15-нд буудлаасаа гарснаас хойших маршрут тогтоогдохгүй байгаа. Хэргийг Төв аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байна" гэлээ.