“Paramount”, “Warner Bros” хоёрыг нэгтгэхийг Холливуудын одод эсэргүүцжээ

“Paramount Skydance” болон “Warner Bros. Discovery” компаниудыг нэгтгэх тухай хэлцлийг эсэргүүцэж, Холливуудын 1000 гаруй жүжигчин, найруулагч, зохиолчид нээлттэй захидалд гарын үсэг зуржээ. Уг хэлцэл нь кино үйлдвэрлэлийн салбар дахь өрсөлдөөн, ажлын байранд эрсдэл учруулна гэж тэд үзэж байгаа ажээ.
Холливуудын зүтгэлтнүүд “Warner Bros. Discovery”-г “Paramount Skydance” компанид нэгтгэх хэлцлийг эсэргүүцэн олноороо дуу хоолойгоо хүргэж байна. Дөрөвдүгээр сарын 13-нд “Block the Merger” платформ дээр нийтлэгдсэн нээлттэй захидалд салбарын мянга гаруй төлөөлөгч, тэр дундаа алдартай жүжигчид, найруулагчид гарын үсэг зуржээ. Тухайлбал, Брайан Крэнстон, Жейн Фонда, Хоакин Феникс, Бен Стиллер, Гленн Клоуз, найруулагч Йоргос Лантимос болон “Оскар”-ын шагналт Дени Вильнев зэрэг хүмүүс гарын үсэг зурсан байна.
Энэхүү хэлэлцээр нь медиа зах зээлийн төвлөрлийг улам нэмэгдүүлж, өрсөлдөөнийг боомилон, бүтээлч мэргэжилтнүүдийн ажиллах нөхцөлийг дордуулна гэж тэд мэдэгджээ. Мөн ажлын байрны тоог цөөрүүлж, кино үйлдвэрлэх боломжийг хязгаарлан, үзэгчдэд очих контентын үнийг өсгөх эрсдэлтэй юм. Түүнчлэн АНУ дахь томоохон кино студиудын тоо цөөрч, салбарт монополь тогтож болзошгүйг анхааруулж байна.
“Медиа салбарын нэгдэл нь дунд зэргийн төсөвтэй кинонууд устаж үгүй болох, бие даасан прокатын тогтолцоо нуран унах, олон улсын борлуулалтын зах зээл хямралд өртөх, ашгийн тодорхой хувь алга болох зэрэг сөрөг үр дагавруудыг агуулж байна. Эдгээр хүчин зүйлс нийлээд бүтээлч хамт олны уран бүтээл тогтвортой туурвих нөхцөлд аюул учруулж байна” гэж захидалд дурджээ.
“Paramount Skydance” компани захидлын хариуд мэдэгдэхдээ, кино урлагийнхны болгоомжлолыг анхааралдаа авч байгаагаа дурдаад, жилд дор хаяж 30 бүрэн хэмжээний киног үргэлжлүүлэн гаргах, мөн бие даасан бүтээлч удирдлагыг, кино үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна.
Сануулан дурдахад, өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр “Paramount Skydance” компани “Warner Bros. Discovery”-г худалдаж авах тохиролцоонд хүрснээ зарласан юм. Компанийн тэргүүн Дэвид Эллисон мэдэгдэхдээ, хоёр студийн өв уламжлалыг нэгтгэж, шинэ үеийн медиа компани байгуулах нь хэлцлийн зорилго гэжээ.
“Warner Bros. Discovery” нь стриминг үйлчилгээ, кино студиудээс гадна CNN, Food Network, HBO, HGTV, TBS, TNT болон Turner Classic Movies зэрэг кабелийн сувгуудыг эзэмшдэг.