Эзэнгүй нохой, муурыг түр асрамжлах байр ашиглалтад орлоо

Тэжээвэр амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захирамжаар эзэнгүй нохой, муурын тоо нэмэгдэхээс сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түр асрамжлах байр байгуулахаар төлөвлөснөөс эхний ээлжид Хан-Уул дүүргийн Шувуун фабрикт байрлах асрамжлах төвийг ашиглалтад орууллаа.
Тус байранд хүргэгдсэн нохой, муурыг түр хугацаанд асрамжилж, эзэн нь тогтоогдсон тохиолдолд холбогдох журмын дагуу буцаан олгож байна. Энэ талаар Нийслэлийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн Н.Цолмон мэдээлэл өглөө.
Тэрбээр, “НИТХ-ын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд эзэнгүй нохой, муурыг хамгаалах, тоо толгойг нь зохистой аргаар хязгаарлах зорилгоор 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн дүүргүүдийн ТҮК болон хороодоос сард дунджаар 100-300 нохой, муурыг хүлээн авч байна” гэлээ.
Түр асрамжлах байранд ирсэн амьтдыг малын эмч иж бүрэн үзлэгт хамруулж, шаардлагатай эмчилгээ хийдэг байна. Мөн эрүүл амьтдад үржил хязгаарлах мэс засал, халдварт өвчнөөс сэргийлэх вакцин хийж, өвчтэй болон ядарсан амьтдыг тусгаарлан сувилж байгаа аж. Асрамжлах байр сард дунджаар 50 орчим сая төгрөгийн урсгал зардалтайгаар ажиллаж байна.
Түүнчлэн асрамжлах байранд ирсэн нохой, муурыг хүсэлт гаргасан иргэдэд үрчлүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна.
Ч.Юмчирдулам